Шууд Chart

Татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

2026-04-06 13:54:39

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавар гаргаж, татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх шийдвэр гаргалаа.

Шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд түгжигдсэн дансууд нээгдсэнээр компаниуд зөвхөн орлого хүлээн авах бус, зарлага гаргах боломжтой болж байна. Ингэснээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.

Уг арга хэмжээг эдийн засагт үүссэн нөхцөл байдалтай холбон Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн гаргасан байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд татварын хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа төсвийн тодотголтой хамт татварын хуульд оруулах өөрчлөлтийн саналаа өргөн барина гэдгээ мэдэгдсэн байна.

Данс нээгдсэнээр компаниуд үйл ажиллагаагаа сэргээх, цалин хөлсөө олгох, татварын өр төлбөрөө барагдуулах боломж бүрдэж, зах зээлд эерэг дохио өгч эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлж, батлуулсан хувийн хэвшил, иргэдэд чиглэсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг бууруулах бодлогоо ийнхүү эхний шийдвэрээсээ хэрэгжүүлж эхэллээ.


Татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй