НИТХ-ын Зөвлөлийн хурал эхэллээ. Зөвлөлийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Уулзалтад НИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон бизнесийн салбарын төлөөлөл болох "Шунхлай", "Могул", "Скай хайпер маркет", "Ард даатгал", Монголын Даатгалын холбоо, "Юни газ", "Түмэн шувуут", ХААН банк, "Капитрон" банк, "Смарт Контракт Монголиа", "Ремикон", "М-Си-Эс проперти", "Монкор диамонд" компанийн удирдлага оролцов.
Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа танилцуулж, эрчим хүч, дулаан, ус хангамжийн хүртээмж, газар зохион байгуулалт, хотын стандартын хэрэгжилтийг сайжруулах шаардлагыг онцлон хөндлөө. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон салбарын онцлогоос шалтгаалах бусад татварын зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг дэвшүүлэв.
Түүнчлэн хотын захиргаа болон харьяа агентлагуудаас олгодог зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтын судалгааг хийж, шаардлагагүй бичиг баримтыг хүчингүй болгох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор НИТХ-ын дэргэд төр, хувийн хэвшлийн зөвлөл байгуулах санал гаргалаа.
НИТХ-ын төлөөлөгчид бизнесийн орчныг сайжруулах, бодит хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлээр гарсан саналуудыг бодлого, шийдвэрт тусгах боломжийг судалж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
| Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн байгууллагуудын санал, тулгамдсан асуудлыг сонслоо | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.