Шууд Chart

“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ

2026-02-12 18:03:59

Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын их хурлын 76 дугаар тогтоолоор Хүннү хотыг байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл Хүннү хот нь өөрийн эх үүсвэрээс батарей хуримтлуулж, эрчим хүчээ хангах юм. Энэ хүрээнд уг төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авч, өнөөдөр 16:00 цагт нээлээ. Урьдчилсан сонгон шалгаруулалтын бичиг баримтыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек нээж, сонгон шалгаруулалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд болон хараат бус гишүүд байлцав.

Энэ үеэр “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хүсэлт ирүүлсэн таван аж ахуйн нэгжийн урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр 16:00 цагт нээлээ. Нэг сарын дотор техник болон санхүүгийн чадавх зэрэг холбогдох үнэлгээг хийгээд, дараагийн шатны буюу уралдаант сонгон шалгаруулалтад гурав хүртэлх аж ахуйн нэгж шалгарна” гэдгийг онцоллоо.

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Нийт төсөвт өртөг 83.66 сая ам.доллар байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн түншлэгч бүрэн хариуцах юм. Төслийн хүрээнд зураг төсөл, суурилуулалт, сүлжээнд холбох, нарны дэлгэц болон батарей худалдан авах ажлууд хийгдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад уг төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад оролцуулах хүсэлтийг авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цаг хүртэл олон нийтэд ил тод зарласан юм. Энэ хугацаанд дараах аж ахуйн нэгжүүд хүсэлт ирүүлж, холбогдох бичиг баримтаа ирүүлсэн байна.


1. “Нью Ком" ХХК,


2. “Эич Эй Си Смарт Тех" ГХОХХК,


3. "Энвижи Энэржи" ХХК,


4. "Шийриз стоун" ХХК,


5. "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК 



“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй