Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн нар өнөөдөр хүн амд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, БГД-ийн ЭМТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Э.Идэр болон дээрх эрүүл мэндийн байгууллагуудын тасаг, албадын төлөөлөл оролцсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн эмнэлэгт гэмтэл согогийн чиглэлээр яаралтай тусламж болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал эмчилгээ хийх, сэлгэн ажиллуулах талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж төлөвлөсөн байна.
Түүнчлэн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу БГД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллуулахаар болжээ.
Дашрамд дуулгахад, ГССҮТ-өөс нийслэл, орон нутгийн хүн амд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэх, эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, арга туршлагыг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж буй билээ.
Тиймээс энэхүү ажил нь дүүргийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, лавлагаа шатлалын төвийн ачаалал төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
| Гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, БГД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллахаар боллоо | ||
| Үзсэн: 14 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.