Шууд Chart

С.Мөнхбаяр: Тухайн жилийн заслыг эрэгтэй хүн угтаж хийлгэдэг бол эмэгтэй хүн дагаж хийлгэдэг

2026-02-10 10:24:58

Баянзүрх дүүргийн Бурханы шашны төв Дэчинравжайлин хийдийн дэд хамба, будын гүн ухааны гэвш, эм зурхай судлаач С.Мөнхбаярыг Редакцын зочин буландаа ярьж ярилцлаа.

-XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн өнгийн талаар яриагаа эхэлье?

-Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил гарах гэж байна. Гал морин жилийн ерөнхий өнгө нь энэ жил зуд турахгүй, ган гачиггүй, хүн амьтанд өвчин зовлонгүй өлзийтэй сайхан жил гарна. Төрийн хууль цааз хүч орно. Шороон үхрийн шинжээр бол жилийн эхээр болон дундуур хур багатай гэсэн ч өвс ногоо хугацаандаа ургана. Жилийн сүүлээр хур тунадастай гэж буусан. Энэ жил залууст ээлтэй сайн, нялхаст харшлах шалтгаангүй, настай хүмүүст ширүүн жил болно.

-Энэ жил ямар жил хүмүүс онцгой засал хийлгэх вэ. Мөн жил орж байгаа хүмүүс ямар засал хийлгэх ёстой бэ?

-Заслын талаар товчхон мэдээлэл өгнө. Засал гэдэг нь гадна талдаа од гараг эрхсийн сөрөг нөлөөлөл болон хүний бие махбодод эерэг, сөргөөр хэрхэн нөлөөлж байгаагийн сөрөг нөлөөллийг засах. Мөн дотоод засал гэдэг нь тухайн хүний жилийн заслыг хийхдээ сэтгэлтэй нь уялдуулж засна. Энэ нь заслын ном уншуулж, дом заслаар сэтгэлийг нь засна. Сэтгэлийн засахаар хэлж байгаа үг үйлдэл зөв болдог учраас жилийн засал харилцан, шүтэн барилцаж хийгдэж байгаарай засал болж байдаг юм. Жил орж байна гэдэг нь өөрийн жил 13, 25, 37,49,61, 73, 85, 97 гэх мэт жилүүд орж байгаа. Үүнийг тав махбодоор хуваах юм бол өөрийн жил, хүү жил, нөхөр жил, дайсан махбодын жил, их махбодтой жил гэдэг. Гал морин жил шинээр төрөх хүүхдүүд болон 61 жил орж байгаа хүмүүсийн хувьд өөрийн жил буюу шуламсын хор хөнөөл, гаднын сөрөг нөлөөлөлд автаж болзошгүй жил учраас ном заслаа сайн хийж, Ширнэн гэдэг номыг олон удаа уншуулах, Загаджумсан, Цэнд тэргүүтэй номуудыг уншуулах хэрэгтэй.

13, 73 жил, хүү жил. Энэ жил дээр өвчин ирэх гээд байдаг. 13 жил орохоор хүүхдийн бие махбод өвдөх гээд байдаг. Зарим тохиолдол 13 жил дээр хүнд өвдөхөөр өвчин ужгирах гээд байдаг учраас сэргийлж засал ном хийлгэдэг. Засал хийлгэхдээ Намжил буюу найман гэгээ, хүүхдийн банзрагч, лха сахиусыг тахиулдаг. 73 жил дээр эрүүл мэндээ сайн анхаарах хэрэгтэй. Мөн мэнгэ голлох жил орох хэмнэл давхар тохиосон байдаг. Иймээс 73 жил орж байгаа хүмүүс мэнгэний заслаа хийлгэх хэрэгтэй. 25, 85 жил дээр жаргал зовлон ээлжилдэг нөхөр жил. Энэ жилд ажил үйлс нь бүтэмжтэй байх, эсвэл ажил нь бүтэмжгүй байдаг учраас жилийн засал ном уншуулдаг. Заслын ном Догсом, Цэнд гэх мэт номууд бий.

37, 97 жил нь дайсан махбодын жил. 37 жил орохоор хүний хийморь сүлд доройтож байдаг. Үүнээс болж гарз гарлаг гарах, бие махбод хямарч өвдөх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Энэ жилийн хувьд 1990 оны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 37 жил орж байгаа. Мөн мэнгэ голлож давхар хэмнэл тохиож байна. Давхар хэмнэл тохиохоор дангаас илүү харшлах шалтгаантай байдаг учраас мэнгэний заслаа хийлгэх хэрэгтэй.

49 жил нь их махбодтой жил учраас хүний сүлд доройтдог. Сүлд доройтно гэдэг нь хүний амь насанд хорлолтой жил учраас 49 жилийн засал номоо сайн хийлгэж, Их манал, Цэнд тэргүүтэй номыг уншуулж засал хийвэл сайн.

-Мэнгэ голлох заслыг заавал хийлгэх ёстой юу?

-Мэнгэ заслыг заавал хийх ёстой. Ямар хэмнэл тохиодог талаар мэдээлэл өгнө. Хүн анх эхийн мэндэлж байх агшинд од гараг эрхсийн нэг дээр төрдөг. Тэр цаг мөчид од гараг, нар, сарны байршил нь ямар байснаас шалтгаалж хувьсан өөрчлөгдөж байдаг юм учраас эерэг сөргөөр нөлөөлж байдаг юм байна. Дөрвөн жилийн дараа харш жил буюу шишид гэдэг хэмнэл тохиож байдаг. Долоон жилийн дараа дүнсэр буюу их харш жил тохиож байдаг. Харин есөн жилийн давтамжтай мэнгэ голлох хэмнэл тохиож байдаг юм. Мөн 13 жилийн дараа өөрийн жил орох хэмнэлүүд давхцаж байдаг учраас засал ном хийдэг. Энэ заслыг хийлгэхгүй болохоор хүний ажил үйлс, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Засал ном хийлгэхээр сөрөг нөлөөллийг ямар асуудалгүй даван туулна. Үүнээс гадна 33 мөчлөг, ясан мах бодын гүймэг , лугир буюу цагаан жид, насны гүймэг, суудлын гүймгийн заслууд байдаг.

-Тэгэхээр энэ гүймгийн заслаа бас хийлгэх ёстой юу?

-Насны гүймэг нь ес тооны давтамжтай байдаг учраас санал ном хийлгэх хэрэгтэй. Мөн суудлын гүймгийн эрэгтэй хүн эхээс төрөхдөө гал суудлаар сууж байдаг. Эмэгтэй хүн эхээр төрөхдөө усан суудлаар сууж байдаг. Энэ суудал дээр сууж байгааг суудлыг гүймэг гэдэг. Гүймгийн заслыг хийхдээ засал ном уншуулахаас гадна. Есөн төмрийн зүйлээр дом хийдэг зан үйл байна. Ясан махбодын ширүүн энэ жил нохой жилтнүүд тохиож байгаа.

Нохой жилтэй хүмүүсийн ивээл жил гарч байгаа. Гэвч ивээн жилийн харш. Иймээс засал номыг сайн хийлгэх хэрэгтэй. Ивээл жилийн засал гэж байна. Морин жил нь бар, нохой жилийн ивээлийн харш тохиож байгаа. Энэ тохиор хүний хийморь доройтдог. Хийморь доройтохоор ажил үйлс, бие махбод хямрах, санаж бодож зүйл бүтэхгүй байх саад бэрхшээл тулгардаг. Иймээс засал номоо хийлгэж сүлдээ дуудуулж, ном уншуулах хэрэгтэй.

-33 насны мөчлөг домыг их хийдэг болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-33 насны мөчлөг нь гээд байгаа нь эхийнхээ хэвлийд 10 сар тээгдээд төрдөг. Төрж байгаа тэр агшиныг эхийн хий гэдэг. Эхийн хий суудлын гүймэг буюу эрэгтэй гал суудал дээр эмэгтэй усан суудал дээр сууж байгаа хэмнэл, ясан мах бодын гүймгийн хэмнэл давхар давхцаж байгааг 33 насны мөчлөг гэж хэлж байгаа. Бурхны ном ёсоор Заслын нанжид, Дашдондов, Гурван гүрэм тэргүүтэй номыг уншуулдаг. Хүмүүс дом хийгээд хүүхэд шиг өлгийдөх, мах чанаж идэх гэх зэрэг янз бүрийн дом хийдэг. Хүмүүсийн хийж байгаа 33 насны мөчлөгийн домууд бурхны шашнаас гүйцэтгэдэг дом биш. Бурханы номтой ямар ч холбоо байхгүй. Харин бурхан номтой хэрхэн холбож засахдаа зурхайч дээр очиж үзүүлээд засал номоо хийлгэнэ. Үнэхээр домын засал хийх гээд байдаг бол ээжээсээ адислал хүртэх буюу ээжээсээ ерөөл хүсэх. Ингэхдээ ээждээ цагаан хадаг сүү тэргүүтэй бэлэг бэлдэж өгөөд ээжээ миний 33 насны мөчлөг орж байгаа юм байна. Иймээс би бусад гэм хор болох буруу бүхнийг тэвчиж, бусад тус дэм болох буянтай сайхан бүхнийг хийнэ.

10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяны зам мөрөөр ээжийнхээ санаа сэтгэлийн өчүүхэн төдий зовоохгүй. Ээждээ дандаа сайхан мэдээ дуулгаж явна. Иймээс та намайгаа адисалж өгнө гэдгээ хэлнэ. Ингээд ээж ерөөлөө хайрлаж, энэ жил эрүүл саруул өвчин зовлонгүй, ажил үйлс нь бүтэмжтэй, аз хийморьтой амар амгалан сайн сайхан амрах болтугай гэж тэвэрч үнсэхээр албан ёсны дом болно. Энэ бурхан багшийн үед ч байсан.  Ээжийгээ гомдоож, сэтгэл санааг хямрааж муу зүйл хийгээд байгаа хүмүүст эхийн ачлалын ерөөл хүрэх нь тиймэрхүү байдаг. 33 насны дом ээжийгээ баярлуулж, сэтгэл санааг амар амгалан байлгах ам мөчгөө өгдөг. Хариуд нь ээжийн нь ерөөлөө хайрладаг. Энэ 33 насны хамгийн шилдэг дом юм. Бурханы ном хүний сэтгэлийг засдаг. Сэтгэл засагдахаар хэлж байгаа үг үйлдэл хөдлөл засардаг. Үүнийгээ дагаад 10 цагаан буянаар буян хураах үйл хийгдэг байгаа.

-13-ны жил орж байгаа хүүхдэд бас дом хийдэг болсон байна. Энэ домын талаар?

-13-ны жил орж байгаа хүүхдэд ханийн тэнгэр дуулуулна гээд маш их хүмүүс ирдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

13 настай хүүхдэд ханийн даллага хийлгэж яах юм бэ. Хүүхдээ хүнтэй суулгах гэж байгаа юм уу. 13-ны жил орж байгаа хүүхэд насаараа хоолоо олж идэх ажил мэргэжлээ сонгох, эрдэм мэдлэгтээ шамдан суралцах, өвчин зовлонгүй, эрүүл саруул, ухаан билэг хурц улам сайн амжилттай суралцаж 12 дугаар ангиа төгсөх чухал биз дээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд насаараа хоолоо олж идэх мэргэжлээ зөв сонгох, насан туршдаа ижлээ зөв сонгох талаар нь ерөөл болгож, 21 Дарь -Эх бурханд даатгаж, сар бүр эсвэл улиралдаа  нэг удаа Дарь -Эхийг уншуулж, буян дуудуулдаг номыг уншуулдаг байх ёстой.

Мөн 13 насанд ээж нь хүүхдээ маш сайхан ерөөл өргөх хэрэгтэй. Би нэг зүйлийг дэмжиж байгаа. Хүмүүс хүүхдийнхээ 13-ны жил орохоор ямар өнгөтэй дээл хувцас хийлгэх вэ гэж асуудаг. Морь жилтэй хүүхдүүд эрэгтэй гал дээр, эмэгтэй уул нь дээр сууж байгаа учраас  хар өнгөнөөс бусад өнгийн дээл хувцас өмсөж болно.

Шинэ дээл хувцас гоё өмсөхдөө ерөөл хэлэх хэрэгтэй. Тухайлбал, миний хүүхдийн 13-ны жил орж байгаа учраас эрдэм номондоо хичээн зүтгэж, эрүүл саруул энх тунх байгаарай гээд ээж аав нь ерөөлөө хайрлах хэрэгтэй.

Монгол дээл урлаж өмсүүлж байгаа нь үндэсний өв соёлоо хүүхдүүд таниулж байгаа нь  нэг сайн тал. Ер нь бол хэдэн насны жил орсон ч бай ээжтэй хүн  алзахгүй. Ээж хүний ерөөл бурхны номтой адилхан байдаг. Ээж хүн хүүхдүүдээ загнаж зандрах биш байнга сайн сайхнаар ерөөж хайрлаж урам зориг эрч хүч өгч байх хэрэгтэй.

-Жилийн заслаас гадна харш жилийн засал бас хийлгэх үү?

-Морь жилтэй, хулгана жилийн их харш тохиож байгаа. Энэ үед насны зэтгэр хөдөлдөг. Амь настай хоролтой байх учраас насны буяныг арвижуулж засал номоо хийлгэх хэрэгтэй. Засал хоорондын сөрөг нөлөөллийг арилгаж байгаа. Шишит буюу баг харш гэж байдаг. Бага харш нь тахиа туулай жилтэй хүнд тохиож байгаа. Бага харш жилтэй хүмүүс бие махбод хямарч бие өвдөх гээд байдаг. Заслаа хийлгэчихээр алзахгүй. Харш жил дээр бас нэг зүйл байдаг. Логар буюу цагаан жил. Энэ жил морины туурайг тахиа тоншино буюу морь жилд тахиа жилтэй хүмүүс Логар буюу цагаан жил гэж хэлж байгаа. Засал номоо хийлгээд явахаар харшлах шалтгаан арилна.

-Жилийн заслыг цагаан сарын дараа хийлгэх ёстой юу. Эсвэл өмнө хийлгэх ёстой гэдэг. Ер нь засал номыг хэдийд хийлгэх ёстой бэ?

-Энэ жил могой жил гүйцэх гэж байна. Ер нь бол ес эхэлснээс хойш дараа хэмнэл ордог гэж үздэг. Ер нь тухайн жилийн заслыг эрэгтэй хүн угтаж хийлгэдэг. Эмэгтэй хүн дагаж хийлгэдэг. Онцгой засалтай буюу морь жилтэй, 37, 73 жил орж, мэнгэ голлож давхар хэмнэл тохиож байгаа хүмүүс, тахиа туулай бага харш логар буюу цагаан жил гарч байгаа тахиа жилтэн, ясан мах модын гүймэг тохиож байгаа, ивээл жилийн харш тохиож байгаа нохой жилтнүүд, их харш жил гарч байгаа хулгана жилтэй хүмүүс угтаж заслаа хийлгэх хэрэгтэй. Засал хийлгэнэ гэдэг ирж байгаа гал морин жилдээ эрүүл саруул, хийморь сүлдтэй, ажил үйлс нь бүтэмжтэй байх тал дээр ерөөл тавьж засал хийлгэж байна гэсэн үг. Жил гарсны дараа буюу шинийн 15 багтаж засал номоо хийлгэдэг байгаа. Цагаан сар монголын нүүдлийн иргэншилтэй салшгүй холбоотой. Монголын Их Эзэн Чингис хаан хаврын тэргүүн бар сарыг жилийн эх нь сар гэж үзэж цагаан сар гэж тэмдэглэж ирсэн.

-Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн эхлээд зүг мөрөө гардаг. Энэ зан үйлийг заавал хийх ёстой юм уу?

-Цагаан сарын шинийн 1-ний өглөө зүг мөр гаргадаг зан үйл нь монголд бурханы шашин орж ирэн бидний амьдралд нутагшснаас хойш бий болсон зан үйл юм. Энэ нь тухайн жилдээ сууж байгаа суудлынхаа цог хийморийн зүг рүү гараад буян хишгийн зүгээс ирдэг нь тухайн хүндээ маш их эрч хүч өгч, урам зориг хайралан хийморь сүлдийг нь сэргээдэг байх ёстой зан үйлийн нэг л гэж боддог. Энэ нь энэ жилдээ өөрийн муу зүгтээ дом засал хийж тарни уншлага уншдаг учир цээр арилгах засал болдог.  Хуучны хүмүүс зүг мөрөө гаргахдаа өглөө эртлэн босож гоё дээл хувцасаа өмсөж, морио эмээлээд мордож зүгээ гаргадаг байсан сайхан уламжлал бий шүүдээ. Зүгийг ихэвчлэн гэрийн өрхийн тэргүүн болон эрэгтэй хүүхдүүд гаргадаг гэдэг ч одоо үед боломжтой бүх хүмүүс гаргаж болно.

-Шинийг 2-ны өдөр айл хэсэж, золгуул хийдэггүй гэдэг. Энэ ямар учиртай бэ?

-Шинийн нэгнээс арван тавны хооронд ерөөл билигээ арвижуулж, буянаа тэтгэдэг өлзийтэй сайхан өдрүүд тохиодог учир тийм зүйл байхгүй байхаа. Харин ч шинийн хоёронд Балжиннямтай цогийн наран гийсэн өлзийтэй сайн өдөр байдаг учир эл өдөр уул овоондоо гарч, Өндөр гэгээнийхээ айлдаж өгсөн Дашчарвэв сангаа тавьж хийморио сэргээх зан үйл хийдэг гэж сонсож байсан. Золголт хийж болно.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

С.Мөнхбаяр: Тухайн жилийн заслыг эрэгтэй хүн угтаж хийлгэдэг бол эмэгтэй хүн дагаж хийлгэдэг  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй