Шууд Chart

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-02-09 12:46:54

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.02.09) мордлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Чингис хаан олон улсын  нисэх буудлаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс нар үдэв.

Хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцоно.

Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож үг хэлэх юм. Тус Комиссын анхдугаар хуралдаан 2023 онд Улаанбаатар хотноо болсон бөгөөд Комиссын Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын дэд дарга нар тэргүүлэн ажиллаж байна.

Мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцана. ЕАЭЗХ-ноос Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг тохиолдуулан бизнес уулзалт зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй