Шууд Chart

“Улаанбаатар их дуулга” тэмцээнийг үргэлжлүүлэн 4 жил зохион байгуулах гэрээг байгууллаа

2026-02-09 12:51:07

Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан их дуулга тэмцээний үеэр Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга болон Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Мариус Визер нар Улаанбаатар хотод 2030 он хүртэл Их Дуулга тэмцээнийг зохион байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь Улаанбаатар Их Дуулга тэмцээнийг ирэх дөрвөн жил дараалан зохион байгуулахыг баталгаажуулж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

“Улаанбаатар Их Дуулга–2026” тэмцээн нь “Лос Анжелес–2028” Олимпын наадмын эрхийн оноо олгож эхлэх дэлхийн анхны тэмцээн болон зохиогдохоороо түүхэн ач холбогдолтой. Энэхүү чухал мөчийг дэлхийн өнцөг булан бүрийн тамирчид, дасгалжуулагчид, үндэсний холбоод догдлон хүлээж байгаа бөгөөд дараагийн олимпын наадамд хүрэх жинхэнэ өрсөлдөөн Улаанбаатар хотоос эхлэн Улаанбаатар хотод хаагдана.

ОУЖБХ-ны Ерөнхийлөгч Мариус Визер энэ үеэр “Монголын жүдочид тэмцэх дайчин чанар, хүндэтгэл, тогтвортой амжилтаараа дэлхий даяар танигдсан. Их Дуулга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын дэвжээн дээр тэд тогтмол медаль хүртэгчдийн эгнээнд багтсаар ирсэн.

Тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь залуу тамирчдад дэлхийн шилдгүүдийг ойроос харж, урам зориг авах ховор боломж олгодог. Харин гадаадын баг, төлөөлөгчид жүдогийн үнэт зүйлс болох хүндэтгэл, эр зориг, нөхөрлөлийг гүнээ дээдэлдэг ард түмэнтэй танилцах боломжтой” хэмээн онцоллоо.

Ерөнхийлөгч Визер болон Ерөнхийлөгч Баттулга нарын харилцан итгэлцэл, ирээдүйн талаарх нэгдмэл үзэл баримтлал нь Монгол Улс дэлхийн жүдо бөхийн гэр бүлийг үргэлж найрсгаар хүлээн авч ирсний баталгаа төдийгүй, цаашид ч дэлхий нийт Монгол Улсад дахин дахин анхаарлаа хандуулахын тод илэрхийлэл болж байна.

“Улаанбаатар их дуулга 2026” 6 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.


“Улаанбаатар их дуулга” тэмцээнийг үргэлжлүүлэн 4 жил зохион байгуулах гэрээг байгууллаа  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй