Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Милан хотод болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын баг эх орныхоо өв соёл, уламжлалыг орчин үеийн загварт шингээсэн, анхаарал татам хувцас болжээ.
“Парис 2024”-ийн нээлтийн ёслолын хувцсаараа олон улсын загварын хүрээнд өндөр үнэлгээ авсан Монголын баг энэ удаа ч “Милан–Кортина”-2026-д загварлаг төрхөөрөө дахин тодорч байна. Өвлийн олимпын нээлтийн ёслол хоёрдугаар сарын 6-нд болно.
XIII-XV зууны Их Монголын эзэнт гүрэний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлийг илтгэх ноолууран материал, орчин үеийн силуетийг ашиглажээ.
Хувцасны үндсэн элемент нь монголчууд олон зууны турш өмсөж ирсэн, өндөр захтай дээл бөгөөд уламжлалт нэхмэл, эсгүүрийг орчин цагийн дизайнаар дахин төсөөлсөн нь онцлог. Хар хөх өнгө нь мөн нүүдэлчдийн бөө мөргөлийн итгэл үнэмшил дэх Мөнх Хөх Тэнгэрийг бэлгэдсэн утгатай гэж тайлбарлаж байна.
Үүнээс гадна Монголын багийн чөлөөт хувцаснуудыг зэрэг танилцуулсан бөгөөд уулын спортод тохирсон ноосон цамцууд нь нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн дугуй хэлбэр, эсгий хийцийг санагдуулна.
Монголын багийн бүрэлдэхүүн 2026 оны өвлийн Олимпод Монгол Улсаас гурван тамирчин оролцоно. Үүнд:
- А. Ариунбат – Уулын цана
- Б. Ачбадрах – Гүйлтийн цана
- Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Монголын баг ийнхүү спортын талбараас гадна соёл, загварын тайзан дээр ч эх орныхоо өнгө төрхийг тод томруун харуулахад бэлэн боллоо хэмээн www.olympics.com онцолжээ.

| Милан–кортина 2026: Монголын багийн нээлтийн ёслолын хувцасыг онцолж байна | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.