Дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсноор эрүү шүүтээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой тодорхой үүргүүдийг биелүүлэх хариуцлагыг олон улсын өмнө хүлээдэг.
Тус конвенцийн 10 дугаар зүйлд “оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан болон бусад холбогдох этгээдүүдийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай агуулга, сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгах, мөн уг хориглосон заалтыг тэдгээрийн үүрэг, үйл ажиллагааны журам, зааварт тусган хэрэгжүүлэх” үүргийг хүлээсэн байдаг.

Энэхүү олон улсын үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хороо (SPT), Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг (APT)-тэй хамтран, эрүү шүүлтийн хор уршиг, түүний хүний эрх, хүний нэр төрд үзүүлэх сөрөг үр дагаврын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Гэвч хүний эрхийн зөрчил гарсаар байгаа нь цаашид үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон талын оролцоог уялдуулан хангах, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Үүнтэй уялдуулан Дотоодын цэргийн штабын зүгээс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд хандан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний эрх, тэр дундаа эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах албан ёсны хүсэлт ирүүлсэн.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын нийт бие бүрэлдэхүүнд хүний эрх, тэр дундаа эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, харилцан ажиллаж байна.
ЭШУСАЭ гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн 2026 онд хууль сахиулах болн цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, хүний нэр төрийг доромжлох аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байгааг санууллаа.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийн зүгээс дээрх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л нөөцөөр хангаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагатай хамтран үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, сургалтын хөтөлбөр, дотоод журам, зааврыг хүний эрхийн олон улсын шаардлагад нийцүүлэх, мөн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.
| Дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, хугацаат цэргүүдэд хүний эрхэд суурилсан сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай | ||
| Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.