Шууд Chart

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-12-18 17:55:48

Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.12.18/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгов.

Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна.

Мөн   эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  
Үзсэн: 21 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй