Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 86.2 хувь Нийслэлд, 13.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Үүнээс 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.9 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлжээ.
11 дүгээр сард зөрчил гаргасан 468074 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 6 хувиар, 1150 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21.4 хувиар тус тус буурсан байна. Шийтгэл оногдуулсан иргэний 71.1 хувь нь эрэгтэй, 28.9 хувь нь эмэгтэй бөгөөл нийт зөрчил гаргасан иргэдийн 62,4 хувь нь 26-45 насныхан байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 457.512 буюу 96.6 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 7655 буюу 1.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан, 751 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3310 буюу 0.7 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэргийн улмаас 2025 оны 11 дүгээр сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 6.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 4.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.
11 дүгээр сард гарсан зонхилон үйлдэгддэг зөрчлийг өмнөх сартай нь харьцуулахад Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 49.1 хувиар, Танхайрах зөрчил 39.9 хувиар, Хүний биед халдах зөрчил 12.8 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 32.9 хувиар, Хулгайлах зөрчил 17.2 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 18 хувиар, Хүүхдийн эрх зөрчих зөрчил 14 хувиар, Нийгмийн даатгалын хууль зөрчих зөрчил 33.1 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 30 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 27.7 хувиар буурсан байна.
Харин Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 9.9 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12.7 хувиар тус тус өсжээ.

Үндэсний телевиз