Шууд Chart

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна

2025-12-17 12:02:18

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс (ХОУТЗСХ)–ээс 2026 оны нэгдүгээр сараас гуравдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 

Агаарын дундаж температур 2026 нэгдүгээр сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байгаа бол гуравдугаар сард агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, Төвийн аймгуудын нутгийн зүүн, Зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, 2 дугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, 3 дугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. 


Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй