Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаан 11 цаг 43 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдааны ирцийг гишүүн нэг бүрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Э.Батшугар, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Г.Дамдинням, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Г. Уянгахишиг, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр 51.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов.
Эхлээд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар гаргасан хууль зүйн зөвлөмжийг сонсов. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх С.Энхцэцэг дүгнэлтийг бүрэн эхээр нь хуралдаанд уншиж танилцууллаа. Тус дүгнэлтээр Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл нь батлагдсан тохиолдолд тодорхой хугацаанд үйлчлэхээр байх тул төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу явуулахыг зөвлөжээ.
Хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, тодруулга авсны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн зөвлөмжийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацаа тодорхой бус байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн эсэх талаарх хууль зүйн зөвлөмжийн талаар хэлэлцэв. Энэ талаар хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын газрын дарга Ч.Дондогмаа танилцуулсан. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацааг нэмж тусгах, эсхүл төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу хийхийг зөвлөжээ.
Тус зөвлөмжтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад гишүүд 64.3 хувийн саналаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацаа нь тодорхой бус байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн гэсэн хууль зүйн зөвлөмжийг дэмжив.
Хууль зүйн уг зөвлөмжийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| ХЗБХ: Хууль, тогтоолын төслийн талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 32 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.