Их эзэн Чингис хаан мэндэлсний 8636 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулж “Чингис хаан Үндэсний” музейн тайлбарлагч С.Дөлгөөнийг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Таны хувьд хэзээнээс эхэлж музейн тайлбарлагч хийсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
Миний хувьд 2017 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд Төрийн түүхийн музейд анх тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2022 оноос хойш Чингис хаан Үндэсний музейд тайлбарлагчаар ажиллаж байна. Музейн тайлбарлагч нь тухайн музейн онцлог шинж чанар, үзмэрийн талаар олон талын өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үзэгчдийн нас, бие, сэтгэхүй, онцлогт тохируулан үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй, цэгцтэй мэдээллийг хүргэх нь бидний өдөр тутмын ажилдаа баримталдаг гол зарчим юм.
-Таны үндсэн мэргэжил музейн тайлбарлагч юм уу?
-Үгүй. Миний хувьд Монгол улсын их сургуулийг Монгол-Англи хэл судлал чиглэлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд музейн салбарт тасралтгүй ажиллаж байна.
-Анх Чингис хаан Үндэсний музейн тайлбарлагчаар ажиллахад ямар байсан бэ?
- Анхны групп үзэгчдээ дагуулан тайлбар хийх үедээ маш их сандарсан. Өмнөх музейгээс тэс өөр, хэмжээний хувьд хэд дахин том, маш олон гадны дотны зочид төлөөлөгчид болон жуулчдын урсгал тасардаггүй Монгол улсад байгуулагдсан хамгийн шилдэг, олон улсын стандартад нийцсэн сайхан музейд ажиллаж эхэлсэндээ маш их баярлаж байсан. Музейн удирдлага, хамт олон, бусад тайлбарлагч нараас туршлага судлан, надад маш сайн зааж зөвлөсөн.
-Чингис хаан Үндэсний музейн үзэж сонирхож байгаа хүмүүс ихэвчлэн аль үеийн түүхийг сонирхож байна бэ?
-Чингис хаан Үндэсний музей гэдэг нэрнээсээ эхлээд л Монголын эрин зуунтай холбоотой, Монголчуудыг омогшуулсан, түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх XIII- XIV зууны түүхийн үеийг хүмүүс хамгийн ихээр сонирхдог. Монголчуудын цэрэг дайны урлаг, байлдан дагуулалт, асар өргөн уудам газар нутаг ялангуяа Монголчуудын хүн төрөлтөний түүхэнд оруулсан хувь нэмэр зэргийг харуулсан Их монгол улс, Монголын их эзэнт улс болон Монгол бахархалын танхимд ороод үзэгчид маш их омогшдог. Чингис хаан Үндэсний музей нь Хаад язгууртаны музей бөгөөд Монголын анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын их эзэнт улс, түүний алтан ургийнханы түүхийг харуулсан үзүүллэгийн танхимтай.

-Музейн үзмэрийг ихэвчлэн ямар насны хүмүүс ирж сонирхдог бэ?
-Ерөнхийдөө бүх насны үзэгчид музейд зочлон ирдэг. Чингис хаан Үндэсний музей улирлаас шалтгаалан өвөл, зуны хуваариар ажилладаг. Жил бүрийн 9 сараас 5 сар хүртэл өвлийн хуваариар ажилладаг бөгөөд энэ үед ЕБС, их дээд сургуулийн сурагч, оюутнууд, албан байгууллагын хамт олон, ахмад настануудын эзлэх хувь илүүтэй байдаг. Харин 5 сараас 9 сар хүртэлх зуны хуваарийн үед гадаад улсын дипломат зочид төлөөлөгчид, жуулчид, аялагчдын тоо эрс өсдөг. Мөн жилийн аль ч цаг үед гадаад улсынэ дипломат зочид төлөөлөгчид манай музейд заавал зочлон саатдаг. Мөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ хамтдаа музей хандлага нэмэгдэж байна. Аав ээж, эмээ өвөө нь хүүхдүүдээ Монголын түүх, соёлыг таниулан мэдүүлж байгаад нь үнэхээр их баярладаг.
-Гадаад жуулчдын хувьд музейн аль танхимыг түлхүү сонирхон үздэг вэ?
-Манай музейн тайлбарт аялал Монгол, Англи, Орос хэлээр хийгддэг бөгөөд шаардлагатай зочид төлөөлөгчид ирсэн үед Солонгос, Хятад хэлээр тайлбарт аялалыг хүргэдэг. Гадаад улсын жуулчид, улс төрийн зочид бүгд л Монголын түүхийг маш ихээр сонирхдог. 2025 оны хувьд музейн “Их хааны хүндэтгэлийн өргөө: Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө” танхимыг дотоодын болон гадаадын үзэгчид хамгийн ихээр сонирхон үзэж байна. Хүндэтгэлийн танхим учраас ирсэн үзэгчид бүгд мөргөж хүндэтгэл үзүүлдэг.
-Ямар үед үзэгчдийн ачаалал нэмэгддэг бэ?
-Соёлын бүтээлч сар, сурагч, оюутнуудын бие даалтын 7 хоног, Музейн нээлттэй өдрүүд, Үндэсний их баяр наадам болон зуны аялал жуулчлалын улиралд үзэгчдийн ачаалал эрс нэмэгддэг.
-Музейн тайлбарлагчийг тусгайлан бэлтгэдэг .Эсвэл түүхийн чиглэлээр сурч төгссөн хүмүүс ажилладаг юм уу?
-Тусгай тайлбарлагч бэлтгэдэг их сургуулийн курс гэж байхгүй харин Монголын хөтөч тайлбарлагч нарын холбооноос жил бүр Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан тусгай сургалтыг ордог бөгөөд батламж, сертификат авч төгссөн хүмүүс аялалын хөтөч, тайлбарлагчаар ажиллах бүрэн боломжтой. Мөн Чингис хаан Үндэсний музейгээс жил бүр хаврын улиралд Чингис хаан Үндэсний музйег тайлбарлах эрх олгох сургалтыг зохион байгуулдаг. Түүнчлэн манай музейн тайлбарлагч нар Монгол, гадаад хэл судлал, урлаг судлал, түүх судлал, аялал жуулчлал зэрэг олон талын мэргэжилтэй хүмүүс байдаг. Музейн танхим бүрийг хариуцсан зөвлөх эрдэмтэд болон эрдэм шинжилгээний ажилчдын боловсруулсан тайлбар мэдээллийн дагуу тайлбарт аялалыг үзэгчдэд хүргэдэг.

-Музейн тайлбарлагч хийхэд хүндрэл бэрхшээл гардаг уу?
-Зуны цагт үзэгчдийн тэр тусмаа жуулчдын урсгал маш их нэмэгддэг нь ачааллыг эрс ихэсгэдэг. Мөн олон талын мэдлэгтэй, зан ааштай, харилцаа хандлагатай үзэгчидтэй өдөр тутамдаа таарч ажилладаг. Зуны цагт олон аялалын групп нэг цагт давхар ирэхэд тайлбарлагч хүрэлцэхгүй байх, хэт олон үзэгчдэд тайлбарт аялалын хүргэхэл хүртээмж муутай байх, дараагийн групп тайлбарлагчаа удаан хүлээснээр бухимдах зэрэг хүндрэлүүд ихэнхдээ тохиолддог. Үндэсний хэмжээний том музей учраас Монгол улсад айлчлан ирсэн бүхий л дипломат зочид музейд зочлон ирдэг учраас төрийн түвшний зочдод тайлбарт явахад ихээхэн сандардаг.
-Музейн үзэж сонирхож байгаа хүмүүст тайлбар хийж, сонирхуулахад хэчнээн цаг хугацаа зарцуулдаг вэ. Үзмэрийн тайлбарыг нэг бүрчлэн хийдэг үү. Эсвэл сонирхож байгаа зүйлийг тайлбарлаж өгдөг үү?
-Ерөнхийдөө тайлбарт аялалыг ганцаарчилсан болон бүлэг гэж хоёр ангилдаг. Ганцаарчилсан гэдэг нь 9 доош хүнтэй групп харин. Бүлэг нь 10- 50 орчим хүнтэй групп юм. Музейн тайлбарт аялал ойролцоогоор 2 цаг 30 минут орчим үргэлжилдэг бөгөөд удаан сонирхож үздэг үзэгчтэй таарвал 3 аас 4 цаг орчим тайлбарт аялал үргэлжилдэг. Зарим үзэгчид нэг бүрчлэн үзэх сонирхолтой байдаг бол олон хүнтэй групп боломжит цагаа тайлбарт аялал эхлэхээс өмнө хэлдэг учраас үзэгчийн цаг хугацаанд тааруулан музейн бүх үзмэр, танхимыг багтаан үзүүлэх боломжтой маршрутыг зохиож ажилладаг.
-Музейд ойролцоогоор хэчнээн үзмэр байгаа бэ?
-Музейн үзмэрийн танхимд 12 мянга орчим үзмэрийг дэглэн тавьсан бөгөөд музейн нийт үзмэрийн 93 хувь нь эх үзмэр.
-Олон жил ажиллаж байгаа учраас тайлбар хийхэд ямар нэг хүндрэл бэрхшээл гардаг уу?
-Олон жилийн ажлын туршлага байгаа хэдий ч өдөр тутамдаа тайлбарт аялал бүрээс туршлага авч, ажилдаа суралцаад явж байна. Зарим үед үзэгчээс миний мэдэхгүй эсвэл үзмэртэй холбоогүй асуулт ирэх үед хариултыг нь өгч чадахгүй тохиолдол гардаг. Гэхдээ музейн тайлбарлагч мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг худлаа ярьж болохгүй. Тиймээс асуултын дагуу судалгаа хийдэг эрдэм шинжилгээний ажилтантай холбогдож асуултад нь үнэн зөв хариултыг нь олж өгөхийг үргэлж хичээдэг.
-Манай үзэгчид музейн үзмэр үзэх соёлд суралцаж, төлөвшиж чадсан байна уу?
-Сүүлийн жилүүдэд музей үзэх соёл маш сайн төлөвшиж байгаа. Чингис хаан Үндэсний музейн байгуулагдсанаар Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан Эзэн богд Чингис хааны түүхэн үйл хэргийг судлах сурталчлах, олон нийтэд таниулах ажил эхэлсэн гэж боддог. Музейн соёлын стандарт Чингис хаан Үндэсний музейгээс эхэлсэн гэж боддог. Тайлбарт аялалын өмнө үзэгчдэд танхим дотор хориглох зүйлс, музей үзэх санамжыг бүрэн гүйцэд танилцуулдаг. Үзэгчид музей үзэх соёлд маш сайн суралцаж байгаа.

-Музейн үзмэр үзэж байхдаа үзэгчид юуг анхаарах ёстой вэ. Анхаарах зүйлийг нарийн тусгасан байдаг уу?
-Манай музейг үзэж сонирхож байгаа хугацаанд анхаарах зүйлс бий. Тухайлбал,Манай музейг үзэж сонирхож байгаа тохиолдол зураг авч бичлэг хийхийг хориглодог. Үзэж сонирхож байгаа хүмүүс нууцаар зураг авч бичлэг хийх үйлдэл их гаргадаг. Тухайн бүрд нь танхимын тайлбарлагч шаардлага тавьдаг. Зарим хүмүүс шаардлагыг хүлээж авдаг, зарим хүлээж авдаггүй. Иймээс үзэгчид сонирхогчид музейн үзэхдээ мөрдөх ёстой дүрэм журмаа сайн мөрдөхийг уриалмаар байна. Манай үзмэрийн танхимд 3500-4000 орчим жилийн насжилттай үзмэрүүд эх хувиар байгаа. Эдгээр үзмэрийн зургийг дархад гэрлийн туяанд гэмтэх эрсдэлтэй байдаг учраас зурах дарахыг хориглодог. Мөн бага насны хүүхдээ дагуулж явж байгаа үедээ байнга хөтөлж, хамт явж үзэх хэрэгтэй. Бага насны хүүхэд танхим байгаа ил үзмэрийг гараараа барьж, унаж гэмтээх эрсдэлтэй. Иймээс хүүхдүүдээ хараа хяналт сайн тавьж, үзмэрээ үзээрэй гэдгийг хэлмээр байна.
-Чингис хааны алтан хөшөөг үзэхдээ зураг авах нь бас хориотой юу?
-Их хааны хүндэтгэлийн өргөө Алтан Чингис хааны хөшөө танхимд тусгай төлбөр төлөөд зураг авч болно. Гэхдээ тухайн танхимд тодорхой дүрэм журмын дагуу зураг дарна. Танхимд зураг авахдаа Их хааны хөшөө рүү нуруугаа харуулж болохгүй, танхимаас ухарч гарах ёстой. Мөн энэхүү танхимд тусгай тайлбарлагчтай. Танхимын тайлбарлагчийн заавраар танхимд орж хүндэтгэл үзүүлдэг.
-Таны ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
- Манай музейг гадны зочид төлөөлөгчид жуулчид их сонирхдог учраас гадаа хэлээ сайжруулах тал дээр нэлээд анхаарч байгаа. Цаашид музейн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, суралцах төлөвлөгөөтэй байна.
Манай музейн ихэнх алба хаагчид ажлынхаа хажуугаа суралцдаг. Музейн удирдлага, хамт олны зүгээс албан хаагчыг суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд нь хамгийн ихээр дэмждэг.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бэ?
-Музейн өөрөө танин мэдэхүйн хийгээд эрдэм шинжилгээ судалгааны төв цэг. Музейн ажилчид өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Музейн номын сангаас бидний ажилд холбогдох бүхий л ном бүтээлийг авч унших, судлах боломжтой. Түүнчлэн түүхийн сонирхолтой подкаст нэвтрүүлэг үзэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал цуглаанд ажлын хажуугаар хамрагдаж мэдлэг мэдээлэл олж авахыг хичээдэг.
-Магтаал, шүүмжил, талархалын хэр их ирдэг бэ?
-Тайлбарт аялалын дараа үзэгчдээс Монголын түүх соёлын талаар гоё мэдээлэл авлаа. Үнэхээр гоё музей болжээ гэсэн талархалын үгс зөндөө ирдэг. 3 цагийн тайлбарт аялалын дараа үзэгчээс музейг маань магтсан, түүхээрээ бахархсан үгс сонсоод тэр өдрийг эрч хүчтэй өнгөрүүлдэг.
-Найз нөхөд болон нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нөхөрлөлдөөө үнэнч байх нь хамгийн чухал гэж боддог. Бусад тайлбарлагч нартайгаа сайхан нөхөрлөдөг, мэдэхгүй зүйлсээ асууж бие биедээ зааж өгөх, туслах нь элбэг. Би өөрөө даруухан, ичимхий, тайван төрлийн хүн /Инээв /.
-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?
-Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн. 4 настайгаасаа хойш Улаанбаатар хотод амьдарч байна. Багадаа их даруухан, ном унших дуртай хүүхэд байсан.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Таны гэр бүлийн хүмүүс хэр их дэмждэг вэ?
-Айлын ганц хүүхэд. Гэр бүлийнхэн маань намайг байнга дэмждэг.
| С.Дөлгөөн: "Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө”-г дотоодын болон гадаадын үзэгчид хамгийн их сонирхдог | ||
| Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.