Өнөөдөр тохиож буй Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээхээр болсон.
Энэхүү эрхэм дээд шагналыг хүртэхээр болсон Академич С.Нарангэрэл нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсан билээ.
Тэрбээр Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич бөгөөд удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Академич С.Нарангэрэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан эрхэм юм.
| Академич С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг өнөөдөр хүртээнэ | ||
| Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.