Шууд Chart

Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

2025-11-20 13:50:12

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна.

Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө.

Өнөөдрийн байдлаар 35 айлын газрыг чөлөөлөөд байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Гандангийн дэнжийн гэр хорооллын болон инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж, айл өрхүүдийн газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гандангийн дэнжид 1300 орчим өрх бий. Үүнээс инженерийн шугам сүлжээнд огт холбогдоогүй, галлагаатай 550 айл байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл бол галлагаатай айл өрхүүдийн газрыг чөлөөлж, шинээр дахин төлөвлөх байдаг. Иймээс төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхүүдийн газрыг үнэ тохирон чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Энэ жил 55 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 35 нэгж талбарыг чөлөөлөөд байна. 12 нэгж талбарт үнэлгээ хийлгэн бол найман айлтай уулзаж амжаагүй байна. Энэ жилдээ 55 айлтай газар чөлөөлөлтийн гэрээ хэлцэл хийж дуусгахаар төлөвлөж байна. Хоёр айл татгалзсан байна. Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр, агаар, орчны бохирдолгүй болгоё гэвэл хотоос дэвшүүлж буй газар чөлөөлөх ажилд нэгдээсэй гэж хүсэж байна. Бид чөлөөлсөн газарт барилга байгууламж барихгүй. Харин ногоон байгууламж бүхий зурвас үүсгэж, тохижуулна. Тохижилт хийснээр Урт цагаанаас Гандангийн зүүн хаалга хүртэл явган зорчигчид автомашины хөдөлгөөнтэй давхцалгүйгээр зорчих боломжтой болно” гэв.
Мөн хотын дарга Х.Нямбаатар үргэлжлүүлэн, “Цаашид бид Улаанбаатар хотод гэр хороолол орчмын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ. Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмыг ирэх жил тохижуулна. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчимд 236 нэгж талбар чөлөөлөхөөс гурван айл үлдээд байна. Сонгинохайрхан дүүргийн 4, 8, 9, 10, 41 дүгээр хороодод газар чөлөөлөлт эрчимтэй үргэлжилж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж хүсэж байна. Сүүлийн 20 гаруй жил төлөвлөлтгүй барилгажилт явагдсанд иргэд ихээр бухимдаж байгаа. Бид энэ алдаагаа засаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-д өргөн барьсан. Үүнийг баталбал төлөвлөгөөний дагуу гэр хороолол болоод замбараагүй барилгажсан хэсгийг чөлөөлөх ажлууд хийнэ. Ирэх жил бид Чингэлтэй дүүргийн Зургаан буудлаас наашаа газруудыг чөлөөлнө. Мөн Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа орчмын газар чөлөөлөлтийг хийнэ. Баянзүрх дүүрэгт Цайз, Шархад орчимд газар чөлөөлөлт хийнэ. Яармагийн 34 дүгээр сургууль орчмын газар чөлөөлөлтийн төлөвлөгөө гарсан. Нийслэлээс хэрэгжүүлж буй газар чөлөөлөлтийн аянд нэгдэхийг хүсье. Хот газар чөлөөлөлтийн сангийн хуультай болсон. Урт хугацаатай төслөөр баригдсан орон сууцуудыг худалдан борлуулсан мөнгө энэ санд төвлөрнө. Бид газрыг чөлөөлөхдөө айл өрхүүдэд зах зээлийн жишиг үнийг санал болгож байгаа” гэдгийг хэллээ.


Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй