Шууд Chart

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-11-19 10:02:42

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүссэн.

Тухайлбал, өнгөрсөн 2024 оны 6 дугаар сард буусан Туул голын үер нь сүүлийн 50 орчим жилд бүртгэгдээгүй бөгөөд цаашид үерийн хамгаалалтын байгууламжуудыг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатайг харуулсан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 4 байршилд нийт 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг ч, Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангуудын ихэнх нь хуучирсан, эргийн бэхэлгээнүүд нь эвдэрч гэмтсэн, сувгууд нь хагшаасаар дүүрсэн зэрэг шалтгаанаар их хэмжээний үерийн ачааллыг даах боломжгүй эрсдэлийг дагуулах болжээ.

Тиймээс хотын инженерчлэл, дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г боловсруулж, үерийн эрсдэлийг бууруулах, голын урсацыг тогтворжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн гол дагуух тохижилт болон хотын экосистемийг тэнцвэржүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мастер төлөвлөгөөнд нийт 420 гаруй км үерийн байгууламжийг үе шаттайгаар шинээр барихаар тусгасан бөгөөд нэн шаардлагатай байгаа 120 орчим км далан, сувгийг “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх, сэргээн засварлах, шинээр байгуулахаар төлөвлөсний зэрэгцээ борооны ус зайлуулах шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлон шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ. Тус төслийн хүрээнд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлууд хийгдэх бөгөөд нийт 50.65 км далан, 45.7 км сувгийг байгуулна. Эдгээр 9 байршлын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг "Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, одоогийн байдлаар гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна.

Мөн Туул, Сэлбэ, Улиастай, Дунд гол зэрэг зургаан байршил дагуу нийт 18.229 км урттай даланг БНХАУ-ын Эксим банкны санхүүжилтээр сэргээн засварлах, тохижуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ТЭЗҮ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн үлдсэн 7 байршилд нийт 25 км даланг барихаар төлөвлөжээ.


“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй