Шууд Chart

“Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна

2025-11-18 13:00:39

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй.

Тодруулбал, нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам”-ыг барих юм. 

“Нэгдүгээр тойрог зам”-ын трасс нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарч, 3029 нэгж талбарт газар чөлөөлөлт хийнэ. Ингэхдээ нөхөн олговрыг олгоно. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндэслэл, үр өгөөжийг авто замын зурвасын судалгаа , байр зүйн судалгаа, геологи геодезийн судалгаа, инженерийн судалгаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, нийгэм санхүү эдийн засгийн эрсдэлийн судалгаа, байгаль орчны хувьд судалжээ. 

Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр: Төслийн хамгийн чухал зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна. Тодруулбал, төсөл хэрэгжсэнээр 3540 байнгын ажлын байр шууд бий болох бөгөөд үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Мөн шууд бус байдлаар 14160 ажлын байр бий болно. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд ажиллах хүчний өсөлтийг 2 хувь нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулах тооцоолол гарчээ. 

Эдийн засгийн өгөөж: Төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжигдэнэ. Тухайлбал, хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр нийслэлийн замын түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Мөн төсөл хэрэгжсэнээр ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах судалгаа гарчээ.

Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл: Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Түүнчлэн барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө. Харин төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй аж. Автозамын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа болон газар шорооны ажлын улмаас эвдрэлд орсон газар нутаг талхлагдахгүй орчин бүрдэх бөгөөд хөрсний элэгдэл 40.2 дахин буурч, агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.


“Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй