Шууд Chart

Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал “Шинэ ажил”-аар батлагдлаа

2025-11-12 16:36:04

Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс Алиментариус Комиссын 48 дугаар чуулган Итали Улсын Ром хотноо 2025.11.11-ний өдөр болж, Монгол Улсын санаачилгаар дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандартын санал”-ыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр нийт 39 улс албан ёсоор дэмжсэн байр сууриа илэрхийлж, бүх гишүүдийн зөвшилцлийн (сonsensus) үндсэн дээр “ШИНЭ АЖИЛ”-аар батлагдлаа.

Энэ нь Монгол Улсын хувьд олон улсын хүнсний стандартыг боловсруулж, батлуулах анхны, түүхэн үйл явдал бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, зах зээлийг тэлэх, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ингэний ариутгасан сүү, чацарганын тосны “КОДЕКСИЙН СТАНДАРТ”-ыг боловсруулж, батлуулах ажлыг санаачилж ахалж ажилласан юм.

Ажлын хэсгийн гишүүд жил гаруй хугацаанд хоёр бөхт тэмээний сүүний найрлага, онцлогийг стандартад тусгах чиглэлээр нотолгоонд тулгуурласан дата, судалгааг боловсруулан, стандартын төслийг хамтран санаачлагч улсуудын төлөөлөлтэй хуваалцаж, хамтран ажиллажээ.

Кодекс Алиментариус Комисс ийнхүү “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандарт”-ыг баталснаар Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргаанд бодит хувь нэмэр оруулах чухал боломжийг нээн өгөх ач холбогдолтой юм


Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал “Шинэ ажил”-аар батлагдлаа  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй