Шууд Chart

ЗГ: “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

2025-11-12 12:31:16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд боллоо. 

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад дараах төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тухайлбал,

-Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс төсөл” хэрэгжүүлсэн. 

-Уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварын барилга, байгууламж, дэд станц шинээр барьж суурилуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

-Уул уурхайн хүнд машин механизм шинээр худалдан авах, техникийн парк шинэчлэлт хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлж, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2021 онд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-тай байгуулсан.

Иймд дээрх төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниуд болох “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн нийт өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор чиглэл болголоо. 


ЗГ: “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй