Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.
| Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө | ||
| Үзсэн: 105 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.