Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Туул-1” коллектор төслийн байршилд ажиллалаа.
“Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэн. Бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч байсан. Энэ бол Улаанбаатар хотын бохирын төв магистрал. 2012 онд нэг, хоёрдугаар хэсэг ашиглалтад орсон. Үүнээс хойш уг төсөл зогссон. 11 км орчим нь гүйцэтгэгдээгүй. Одоо энэ хэсгийн ажил эхэлсэн байна” гэлээ.
УСУГ-ын Ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “Энэ оны есдүгээр сард ажлын зургийн өөрчлөлт батлагдсан. Ингээд долоон бригад 70 гаруй хүнтэйгээр ажлыг эхлүүлээд байна. Сарын дотор 1.2 км шугам хийгээд байна. Энэ ондоо багтаан нийт хоёр км шугам хийх төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн диаметртай буюу 1.5 метрийн шугам угсарч байна. Энэхүү шугам нь Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх шугамын ачааллыг хуваалцах үүрэгтэй юм. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй болно. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай” гэлээ.


| Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.