Австрали улс гадаадын хоригдлуудыг Номхон далайн жижиг арал болох Науру руу шилжүүлж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.
Австралийн Дотоод хэргийн сайд Тони Берк Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “эхний шилжүүлэг”-ийг хийсэн гэсэн ч яг хэдэн хүнийг Науру руу шилжүүлсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.
Австралийн Дээд шүүхээс гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нутаг буцах боломжгүй, нийгэмд суллахаас өөр аргагүй болсон 358 орчим гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тодорхойгүй хугацаагаар тус улсын шоронд хорьж байсныг хууль бус хэмээн шийдвэр гаргасны дараагаар Австрали Улс Науру Улстай дээрх иргэдийг 30 жилийн хугацаатай шилжүүлэх хэлэлцээрийг байгуулсан билээ.
Австралийн засгийн газар тус ажиллагааны талаарх нарийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс татгалзаж байгаа бөгөөд дээрх хэлэлцээрийг дүрвэгсдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хүний эрхийн хуулийн төвийн төлөөлөгч Лаура Жон хэвлэл, мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “энэ ажиллагаа анхнаасаа нууц байсан” хэмээн шүүмжлээд “тухайн иргэн Австралид гэр бүлтэй эсэх, шаардлагатай эмнэлгийн тусламж Науруд байгаа эсэх, эсхүл тэдэнд визийн давж заалдах эрх байсан эсэхийг мэдэхгүй” гэж хэлсэн байна.
Науру Улс руу шилжүүлэх хоригдлуудын дийлэнх нь хүчирхийлэл, хар тамхины наймаа зэрэг онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан тул Австралийн визээ цуцлуулсан байна. Нэг талаас ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийг эх орон нь хүлээн авахаас татгалзах, нөгөө талаас олон нийт тэднийг нийгэмд сулласанд хүчтэй эсэргүүцэж байгаа тул Австралийн засгийн газар ихээхэн хүнд байдалд орсон байв.
Өнгөрсөн жил Ерөнхий сайд Энтони Албанезийн засгийн газар Цагаачлалын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагааг идэвхжүүлж, Австралиас гуравдагч орнуудад төлбөр төлж гадаадын иргэдийг албадан гаргах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Энэ хүрээнд Австрали улс Науру улстай энэ оны эхээр гадаадын иргэдийг шилжүүлэх хэлэлцээрийг эцэслэн баталсан бөгөөд хэлэлцээрийн дагуу албадан гаргагдсан хүмүүс Науруд 30 жилийн виз авч, тус арлын 12,500 оршин суугчийн хамт ажиллаж, чөлөөтэй амьдрах боломжтой болох юм. Одоогийн байдлаар эхний шилжүүлэх ажиллагаагаар Австралиас Науруд 408 сая австрали долларын урьдчилсан төлбөр төлснөөс өөрөөр хэлэлцээрийн бусад нарийн мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
| Австрали улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 208 | Mongolian National Broadcaster | 
                
					Үндэсний телевиз
					
					
					 
					
        
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.