Шууд Chart

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сүрьеэг богино хугацаанд оношлох женеэксперт шинжилгээг нэвтрүүллээ

2025-11-04 15:29:04

Эрүүл мэндийн сайдын А/319 дугаар тушаалаар 2025 оны 08 дугаар сард батлагдсан “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан чухал ажлын нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлэх арга хэмжээ юм.

Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Глобал сангийн Сүрьеэ/ДОХ-ын төслийн дэмжлэгтэйгээр 16 сумын эрүүл мэндийн төв, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 8 дүүргийн нэгдсэн эмнэлэг, салбар амбулаториудад сүрьеэ өвчнийг оношлох, богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан ЖенЭксперт (GeneXpert) төхөөрөмж, сүрьеэг оношлох хиймэл оюун ухааны программтай зөөврийн дижитал рентген аппарат зэрэг 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Мөн тус оношилгооны төхөөрөмж дээр ажиллах эрүүл мэндийн байгууллагын лабораторийн мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д практик дадлага сургалтад хамруулав. Дээрх тоног төхөөрөмжүүдийг орон нутаг тэр дундаа төвөөс алслагдсан сумын эрүүл мэндийн төвүүдэд нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах юм.

2013 онд сүрьеэ өвчнийг оношлох, эмэнд тэсвэржилтийг богино хугацаанд тодорхойлох боломжтой молекул биологид суурилсан арга болох GeneXpert шинжилгээг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар лавлагаа шатлал болох аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, БОЭТ, нэгдсэн эмнэлэг, улсын 1, 2, 3-р төв эмнэлгүүд, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХСҮТ-д зэрэг эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна. Энэхүү шинжилгээг нэвтрүүлснээр сүрьеэгийн оношилгооны чадавх бэхжиж, сүрьеэ, тэр дундаа рифампицинд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх, ялган оношлох чадавхи бүрдэж байна.

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин юм. Монгол улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна. Иймд ДЭМБ-ын зөвлөмж болгож буй Сүрьеэгийн оношилгооны шинэ арга технологийг өөрийн орны практикт үе шаттайгаар нэвтрүүлэн ажилласаар байна. Сүрьеэг эрт илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн тархалтыг таслан зогсоох боломжтой.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сүрьеэг богино хугацаанд оношлох женеэксперт шинжилгээг нэвтрүүллээ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй