Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 25-наас эхлэн амжилттай үргэлжилж байна.
Энэхүү тэмцээнд Азийн 16 орны 677 өсвөрийн шилдэг шатарчин стандарт, рапид, блиц төрлөөр нийт 432 медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь оюун ухааны спортыг түгээн дэлгэрүүлэх, Азийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн шилдэг шатарчдыг төрүүлэх зорилготой юм. Тэмцээнд амжилттай оролцсон шатарчид FIDE-ийн цолны болзол хангах боломжтой ба Фиде дэд мастер, Фиде мастер зэрэг олон улсын зэрэг цол авах эрхийг биелүүлнэ.
Монголын шатарчид тэмцээнээс анхны алтан медалийг хүртсэн бөгөөд ах дүү шатарчид болох Олон улсын мастер С.Чингүүн (стандарт төрөл) болон Их мастер С.Билгүүн (блиц төрөл) нар алдар нэрээ мандууллаа.
Рапид төрлийн дүн:
Бүгд Найрамдах Казахстан Улс: 4 алт, 4 мөнгө
Монгол Улс: 4 алт, 3 мөнгө, 7 хүрэл
Оросын Холбооны Улс: 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл
Тэмцээний хүрээнд ФИДЕ шүүгчийн норм олгох семинарыг Монголын Шатрын Холбоо Азийн Шатрын Холбоотой хамтран зохион байгуулж байна. Сургалтыг ФИДЕ А категорийн олон улсын шүүгч Мердад Пахлеванзаде болон ФИДЕ олон улсын шүүгч Г.Алтан-Оч нар удирдана.
Оролцогчид 11 дүгээр сарын 1-нд шалгалт өгч, амжилттай тэнцвэл ФИДЕ шүүгч (FA) цолны нэг норм авах боломжтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
| "Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн-2025" үргэлжилж байна | ||
| Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.