Шууд Chart

Төвийн бүсийн "Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025" хэлэлцүүлэг боллоо

2025-10-29 13:00:38

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс шир бэлтгэл, анхан шатны боловсруулалт, чанар, стандартын хяналтыг сайжруулах төр-хувийн хэвшил-хоршооны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийн явц, Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж, арьс ширний салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсын арьс ширэн түүхий эдийн нөөц, боломж, үйлдвэрийн хөгжлийн чиглэл, түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх боломж, урамшуулал болон татварын цахим системийн уялдаа, агуулахын итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, дуудлага худалдааны системийн ажиллагаа танилцуулга хийв.

Мөн үеэр “Дархан нэхий” ХК, “Булигаар” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Арилдий” ХХК-ууд арьс ширэн түүхий эдийг хоршоодоос худалдан авах, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Тухайн бүсээс бэлтгэсэн арьс, ширэн түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн гутал, савхин хүрэм, цүнх зэрэг бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг боллоо.

Сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл нийт 64 хүнийг сургалтад хамруулж, арьс, ширний чанарын үнэлгээ, бэлтгэл, хадгалалтын стандарт, урамшууллын журам зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгож, чадавхжуулан, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүс, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Төвийн бүсийн "Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025" хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй