Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий 16 томоохон бүтээн байгуулалтын төслийг эрэмбэлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд өмнөх 24 төслийн судалгаа, хэрэгжилтийн байдлыг харгалзан, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр өгөөж, бодит хэрэгжилтийн түвшнээр нь ангилан 16 төслийг 2024–2028 онд хэрэгжүүлэхээр тодотгоод байна. Төслүүд нь дэд бүтэц, төлөвлөлт, тээвэр, орчны чанарыг цогцоор нь сайжруулах зорилготой бөгөөд дараах чиглэлүүдийг хамарч байна.
Авто зам, тээврийн дэд бүтцийн хүрээнд Хөдөлгөөний эрчимтэй бүсэд барих Олон түвшний уулзвар, Туулын хурдны авто зам, Тойрог замын төслүүдийг эрэмбэлсэн.
Их багтаамжийн нийтийн тээврийн хүрээнд Улаанбаатар Метро, Тусгай замын автобус (BRT), Улаанбаатар Трамвай, Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлнэ.
Хот төлөвлөлт, орон сууцжуулалт, “Хорин минутын хот” концепцийн хүрээнд Хүннү хотын дэд бүтэц, Эмээлт эко аж үйлдвэрийн парк дэд бүтэц, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөр (Баянхошуу, Шар хад, Дамбадаржаа, Толгойт, Ханын материал, Шинэ Яармаг орчим) -ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлд Дулааны тавдугаар цахилгаан станц, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл болон Туул усан цогцолбор, Хөрсний ус ба үерийн хамгаалалтын систем, Лаг шатаах үйлдвэрийн төсөл багтсан.
Эдгээр төслүүдийн хэрэгжилт нь түгжрэлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийг шинэчлэх, цаашлаад “Тогтвортой, ухаалаг нийслэл” зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

| Нийслэлд хөгжлийн томоохон 16 төсөл хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.