Шууд Chart

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

2025-10-28 14:56:26

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй.

Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликейшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм.

Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө. 


“Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж байна. Тус аппликейшнд 250 мянга гаруй иргэн бүртгэл үүсгээд байна. Энэ нь нэг өрхийн хаяг дээр олон хүн давхар бүртгүүлсэн гэсэн үг юм. “Нэг өрх- Нэг эрх” гэсэн журмын дагуу бид ажилладаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сангийн өрхийн судалгаанд үндэслэн нэг өрхийн бусад гишүүн болон өрхийн бүртгэлд байхгүй иргэдийн картыг хааж байна. Орон нутгийн болон орон сууцны хаягтай хүмүүсийн карт хаагдаж байна. Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийж байгаа мөртлөө нэг өрхийн тэргүүнээр бүртгэл хийлгэсэн тохиолдол гарсан. Хэрэв ийм бол харьяа хороондоо очиж өрхийн мэдээллээ салгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод амьдардаггүй бол карт хаагдана. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө шалгуулахыг зөвлөе. Байр хаягтай мөртлөө зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна. Тодорхойлолтоо “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой. 7011-9400 дугаарт холбогдож болно” гэлээ.


Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй