Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуулалтаар хангах, хэрэгжилтийн явцыг үр дүнтэй, чанартай зохион байгуулах чиг үүрэг бүхий “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдлаа.
Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг бодит ажил хэрэг болгохын тулд үйл ажиллагаа, менежментийг сайжруулж, байгууллагын статус, чиг үүргийг боловсронгуй болгох, хариуцан хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашиг, санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, стратегийн нэгдсэн удирдлагаар хангахад энэхүү төлөвлөгөө нь бодлогын суурь баримт бичиг болох юм. Үүнд байгууллагын өнөөгийн байдлын шинжилгээ, алсын хараа, эрхэм зорилго, стратегийн тэргүүлэх чиглэлүүд, зорилтууд, үр дүнгийн шалгуур үзүүлэлт /KPI/, хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт – шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, эрсдэлийн удирдлагын цогц асуудлыг тусгажээ.
Энэхүү стратеги төлөвлөгөөг 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын алба, нэгжүүдийн бүх ажилтны үйл ажиллагааг хамарна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэн батлагдаж, хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоож, хөгжлийн бодлого, тэр дундаа дагуул хот эдийн засгийн тусгай бүс, хуулийн этгээд, байгууллагатай харилцах харилцааг шинээр зохицуулсан. Үүний нөлөөгөөр хотын эдийн засаг тэлж, олон улсын чанартай төслүүдийг эрэмбэлэн 16 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын олон шинэ эх үүсвэрийг бий болгох, удирдлагын олон улсын шилдэг туршлага, менежментийг нутагшуулах, цомхон, чадварлаг багаар төслүүдийг оновчтой удирдах, уялдааг хангах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд төслийн удирдлагын нэгдсэн стандарт болох PMBOK /Project management Body Of Knowledge/-ыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Олон улсын төслийн удирдлагын институтээс төслийн удирдлагын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж зөвлөдөг. НТУГ-ын зүгээс энэ тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна” гэв.
Байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичиг, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын баталсан дүрэм, захирамжуудыг суурь үндэслэл болгосон. Түүнчлэн гадаад улс орнуудын төслийн удирдлагын байгууллагуудын туршлага, сайн жишгийг судалж, олон улсын төслийн удирдлагын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэх, нутагшуулах чиг хандлагыг баримталсан байна.
| “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө батлагдлаа | ||
| Үзсэн: 110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.