Эмч, эмнэлгийн ажилчид Сүхбаатарын талбайд суулт хийгээд найман хонож байна. Өнөөдөо Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.
Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эмч нар цалингаа нэмүүлэхээр найман хоног хүйтэн шалан дээр суулт хийж байхад УИХ, Засгийн газраас нэг ч хүн гарч ирж уулзсангүй. Өнөөдөр бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөө жагсаж байгаа. Засгийн газрын зүгээс 15 хувиар нэмнэ гэх зүйлсийг ярьж байна. Энэ хувиар нэмэх бол 200.000 төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг. Бид үүний төлөө жагсаагүй.
Эрүүл мэндийн салбарын ажилчдыг гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжуулдаг гэж хэлдэг. Гэвч энэ бол нэр төдий зүйл. Гүйцэтгэлийн санхүүжилтэд хязгаар тавьсан. Энэ бол иргэд, эмч нарт аюул, заналхийлэл бий болгож буй зүйл.
Мөн үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бууруулсан асуудал байна. Үүнээс болж бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс "эм, тариагаа худалдаад аваад ир" гэх шаардлагыг тавих болдог. Энэ байдлаар бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг улсын төсөвт гурван их наядыг оруулж ирсэн ч, одоо хэлэлцэж байгаа нь 2.2 их наяд болгож бууруулсан байгаа юм. Ийм буурсан төсвөөр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Үүнээс үүдэн маш олон асуудал тулгарна.
Эмч нар халдвартай, хортой нөхцөлд ажилладаг. Бид эмнэлгийн иж бүрэн нормын хувцас өмсөх ёстой байтал өмсөж чаддаггүй. Цаанаас нь өмд, цамц л өгдөг. Харин гутал буюу углаашийг нь эмч өөрөө цалингаараа авдаг. Мөн үүнээс гадна эмч нарт өдрийн цайгаа уух ч хоолны өрөөгүй ажилладаг. Түүнчлэн, эмч нар суулт хийх гэхээр дээрх дарга нараас нь дарамт ирж, битгий жагсаалд оролц гэх зэргээр дарамт, шахалт үзүүлж байна. Мөн ихэнх эмч нар ажлын ачаалалтай, хүнд нөхцөлд олон зээлтэй амьдарч байна. Иймд бид хэрвээ шийдвэрт хүрэхгүй бол өнөөдөр суултаа дуусгаад, маргааш эхлэн ажил хаях бэлтгэл ажлаа эхлүүлнэ." гэлээ.
| Эмч нар маргааш ажил хаях бэлтгэл ажлаа эхлүүлнэ | ||
| Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.