Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йорданы Хашимитын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Йорданы нийслэл Амман хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын Захирал А.Ананд, Йорданы ГХЯ-ны Азийн газрын Ерөнхий захирал, Мохамед Абу Ванди нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл хийж, цаашид Монгол, Йорданы хоёр талын харилцааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх боломж, бололцоог эрэлхийлж, хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр болов. Түүнчлэн олон улсын харилцаа, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа харилцан нотлов.
Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Дайфалла Али Аль-Файез зөвлөлдөх уулзалтад оролцож буй монголын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд “Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йордан Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-ийг байгуулж, санамж бичигт Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд Э.Булган, Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Дайфалла Али Аль-Файез нар гарын үсэг зурав.

| Монгол, Йорданы Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов | ||
| Үзсэн: 184 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.