
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд 2000 м.кв дайрга дэвсэж тэгшлэх, дам нурууны угсрах талбайг хусаж нягтруулах, 24000 м.куб хайрга дайрга дэвсэж тэгшлэх ажлууд бүрэн дууссан. Мөн төслийн талбайн 4 байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн суулгаж актаар хүлээлгэн өгөөд байна.
Туулын хурдны замыг нийт 7 орц, гарцтай байхаар төлөвлөсөн. Ингэснээр Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Наадамчдын гүүр, Сонсголонгийн гүүр зэргээр дамжин өнгөрөх Улаанбаатар хотын төвийн хэсгийн ачааллыг хуваалцаж Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах урьдчилсан тооцооллыг гаргаад байна.
Тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл 6 эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд 9,8 км урт гүүрэн байгууламж, 4 байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “ХаоЮань групп” ХХК нь 20 орчим жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан бөгөөд инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт амжилттай бүтээн байгуулалт хийдэг туршлагатай компани юм. Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконг зэрэг улсуудад дэд бүтцийн болон хурдны замын төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай компаниудын нэг юм.
Туулын хурдны зам, Шинэ тойрог замтай баригдсанаар түгжрэл 40 гаруй хувиар буурах судалгаа гарчээ.
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.