
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2025 оны эхний 3 дугаар улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгааны дүнг үзвэл согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 302 бүртгэгдсэн нь 2024 оны оны мөн үеэс 24 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зөрчлийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 32.5 хувиар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг 29 буюу 41.3 хувиар тус тус өсжээ.
Дээрх хугацаанд зөрчлийн улмаас учирсан 174.520.000 төгрөгийн хохирлоос 44.4 хувийг нөхөн төлүүлсэн байна. 2025 оны эхний 9 сарын байдлаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар өссөн, зам тээврийн осол ихэвчлэн даваа, бямба гарагуудад 22:00 цагаас 06:00 цагийн хооронд гарчээ.
Зам тээврийн осол, хэрэг гарахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчих, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг шалтгаан, нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Судалгааны дүнг үндэслэн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Хариуцлагатай жолооч” нөлөөллийн аяныг нэг сарын хугацаагаар эхлүүлээд байна.
Аяны хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн босоо тэнхлэгийн замд тэмдэг, тэмдэглэгээ, сэрэмжлүүлэх самбар байршуулах, уг замаар зорчин яваа жолоочдод замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар мэдээ мэдээлэл түгээх, тээврийн хэрэгслийн бүтэн байдал болоод гэрлийн стандартыг шалгах, иргэд, хүүхдүүдийн дунд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл сурталчлах зэрэг ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Замын хөдөлгөөний дүрмийг сайтар биелүүлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас уриалж байна.
Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Хариуцлагатай жолооч” аяныг эхлүүллээ | ||
Үзсэн: 258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.