Шууд Chart

ЗГ: “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна

2025-10-22 13:07:08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахаар боллоо. 

Компакт гэрээгээр Монгол Улсад эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.доллар хүртэлх санхүүжилт, нийт 461.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй. 

Компакт гэрээ 2026 оны гуравдугаар сард хэрэгжиж дуусах бөгөөд нийт хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны наймдугаар сарын байдлаар 88.7 хувьтай байна. 

Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад 2023, 2024 онд үерийн улмаас гарсан нэмэлт зардал, мөн Монгол Улсад анх удаа гүйцэтгэж буй гол доогуурх хөндлөн сүвлэгээний хөрсний нөхцөл байдлаас хамаарч өрөмдлөгийн гүн нэмэгдэн, өрөмдлөгийн цооног, худгийн хэмжээ томорсноос зураг төсөвт өөрчлөлт орж, ажлын тоо хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас оруулах хувь хэмжээний хуваарилалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. 


ЗГ: “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй