Шууд Chart

ЗГ: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

2025-10-22 12:20:15

Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн  бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг 2005 онд Сьерра Леон Улсад явагдсан ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлж, улмаар Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцож, үүргээ амжилттай биелүүлж ирсэн юм.

Өнөөгийн байдлаар 2012 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон, Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNIFIL” ажиллагаанд 2023 оноос эхэлсэн 4 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Эмнэлгийн бүлэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. 

НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч нэг бүрээр тооцон цэрэг хандивлагч орны Засгийн газарт олгодог. 

Манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Засгийн газрын шийдвэрээр олгодог. Засгийн газрын 2006 оны 154 дүгээр тогтоолоор 60 хувийг энхийг сахиулагчид, 40 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд, 2011 оны 270 дугаар тогтоолоор 70 хувийг энхийг сахиулагчид, 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж ирснийг Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 80 хувийг энхийг сахиулагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр болж байна. 


ЗГ: Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй