Шууд Chart

Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

2025-09-26 12:56:15

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг дүгнэлт, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд санал хураалт эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаас нэг өдрийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс мөн нэг өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй