
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж ярилцлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршооны төлөөлөл оролцож байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүс орон нутгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхэд зориулсан энэхүү үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны 09 дүгээр сарын 22-28-нд болох ажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан тариаланч, ногоочид үзэсгэлэн худалдааны хугацааг уртасгах, Төв цэнгэлдэхийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлж өгөх, импортын ногоог хязгаарлаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг хүсэлт тавилаа. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээг зохион байгуулагчид тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая гаруй, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 гаруй сая төгрөгт хүрч байгаа нь борлуулалт сайн байгааг харуулж байна хэмээлээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос салбар бүрийн шилдгүүдийг шалгаруулах ажээ. Тухайлбал, хүнс, хоол үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг органик хүнс үйлдвэрлэгч, экспортын шилдэг хүнс зэргийг шалгаруулах бол газар тариалангийн салбараас шилдэг сум, шилдэг өрхийн тариаланч, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгч зэргийг шалгаруулна.
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.