
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн урилгаар манай улсад ажиллаж буй “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын төлөөлөгчдөд тэрбээр амжилт хүсээд, Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар танилцууллаа. Монгол Улс Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсноор хууль тогтоомжоо нийцүүлэх, дагаж мөрдөх үүрэг хүлээсэн болохыг Д.Цогтбаатар дарга дурдаад “Эрүү шүүлт гэхээр цагдан хоригдсон үед ч юм уу, тусгай орчин нөхцөлд үйлдэгддэг гэдэг түгээмэл ойлголт байдаг. Гэтэл конвенцод хаана ч, хэзээ ч үйлдэгдэх эрсдэлтэйг тодотгосон өргөн агуулгатайгаар томьёологдсон. Эрүү шүүлтийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд таслан зогсоохын тулд дотоодын хууль тогтоомжоо тус конвенцод нийцүүлэн, нэгбүрчлэн хэрэгжүүлэх нь нэн чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг тууштай хэрэгжүүлж байгааг тэрбээр тэмдэглээд, монгол хүний эрхийг хангах, хамгаалах зорилготой энэхүү үйл ажиллагааны талаарх зөвлөмж, саналыг нээлттэй хүлээн авч ажиллахаа илэрхийлэв.
“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг цаг гарган хүлээн авч уулзсан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт талархал илэрхийллээ. Төлөөлөгчид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаарх олон улсын туршлагыг хуваалцахын зэрэгцээ Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдалтай танилцаж, ажиглалт хийхээр ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хуваалцаж болох Монгол Улсын сайн туршлагуудыг судалж байгаа гэлээ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурал нь хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна” хэмээн тодотгоод, хүний эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, парламентын энэ чиглэлээрх шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн талууд эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын ахлах зөвлөх Бен Бакланд, Нид Сатжипанон болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.