
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулсан.
Энэ хорооны анхны хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудал нь дан ганц хууль зүй, гэр бүл, цагдаагийн байгууллагын асуудал биш. Эрүүл мэнд, соёл, спорт, боловсролын салбар анхаарлаа хандуулах цаг болсон.
Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт гэр бүлийн болон бэлгийн боловсрол олгох агуулгыг тусгах, хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлаг, спортоор дамжуулан хувь хүнийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг хандлага бий болгох цаг үеийн шаардлага нэгэнт бий болсон талаар онцлоод түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнд суурилан бүх нийтийн хамтын ажиллагаа, салбар бүрийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах шаардлагатай байна гэв.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээтэй холбоотой дүгнэлтэд үндэслэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар болон энэ хороонд ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагуудад даалгав.
Түүний дараа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлийн нөхцөл байдал, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, анхаарах асуудал, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой агуулга, түүнд хийсэн дүн шинжилгээ ба боловсролын салбарын хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн салбар дахь хүчирхийллээс сэргийлэх хариу арга хэмжээний талаар танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулж, ойрын хугацаанд ирүүлэхийг хүсэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй судалгааны ажил хийсэн. Эдгээр судалгааны тайлан зөвлөмжтэй танилцаад Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гарган хамтран ажиллана гэв.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц төлөвлөгөө боловсруулахыг даалгалаа | ||
Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.