Шууд Chart

Тажикстаны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-09-23 10:53:08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Тажикстан Улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Салимзода Аммонуло тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, шинэ бүтээл, инновацийг нутагшуулах боломжийн талаар санал солилцов.

Тажикстаны талын зүгээс Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, газар тариалангийн туршлагыг хуваалцах, улмаар Монгол Улсад тариалж буй төмс, хүнсний ногооны үрийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцоллоо. Мөн тус улс 150 гаруй нэр төрлийн үр тариа, таримал тариалдаг туршлагадаа тулгуурлан, Монголын тариалангийн онцлог нөхцөлд тохирсон арга, шийдлийг санал болгох боломжтой гэдгээ илэрхийлэв.

Монголын газар тариалан цаг уураас шалтгаалан тариалалт, ургац хураалт оройтож явагддаг тул ойролцоо бүс нутгийн туршлага, арга технологийг нутагшуулах нь чухал гэдгийг онцолж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Төлөөлөгчид уулзалтын дараа Мал эмнэлгийн төв лаборатори болон Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Тажикстаны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй