
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар гал түймрийн 1937, аврах ажиллагааны 205, нийт 2142 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.1 хувиар өссөн дүнтэй байна. 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3200 ажилтан, алба хаагч, 853 автомашин, 266 завьтай үүрэг гүйцэтгэн ажилласан. Нийслэлийн хэмжээнд 2025 онд усны ослын дуудлага 27 удаа бүртгэгдэж, 216 алба хаагч 29 техниктэй ажиллаж, 38 иргэнийг аварсан. Сэрэмжлүүлэг яриаг 47972 иргэнд, дараах материалыг 24269 иргэнд, голын эрэг буюу эрсдэлтэй байршлаас 3966 автомашин холдуулан ажиллалаа” гэв.
Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд есөн байгууллагын 178 ажилтан, албан хаагч, сайн дурын 350 оюутан 58 автомашин, техник хэрэгсэлтэй 2169 га талбайд 31 тонн хог хаягдал цэвэрлэжээ.
Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд таван байгууллагын 1091 ажилтан, алба хаагч ажилласан. Нийт 73.9 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн. 62.3 мянган иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн. 52.6 мянган иргэнийг шалгаж, 24 удаагийн үйлдлээр 57 тарвага илрүүлж, 17.1 сая төгрөгийн торгууль, 46.7 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Мөн Улаанбаатар хот орчмын есдүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын 22-23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Есдүгээр сарын 22-23-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр тогтуун салхитай.
Есдүгээр сарын 22-23-нд сэрүүсэж, бусад хугацаанд дулаахан шөнөдөө 1-6 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэмийн дулаан байх аж.
2025 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1937 дуудлага бүртгэгджээ | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.