Шууд Chart

Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах Ерөнхий газрын дарга ГИХГ-т зочиллоо

2025-09-22 15:36:35

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын урилгаар Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга, хошууч генерал Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Айлчлалын хүрээнд Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.22) Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцан, уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх арга хэмжээ, албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр санал солилцов.

Энэ үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр хэлэхдээ, Гадаадын иргэн, харьяатын газар Европын орнуудаас Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газартай үр өгөөжтэй, идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлов. Хоёр байгууллагын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн байгууллагын 10 гаруй албан хаагч Унгар Улсад богино хугацааны сургалтад хамрагдаж, тус улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбарт хэрэгжүүлж буй бодлого, туршлагаас суралцсан нь албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тодотгосон юм. Цаашид тус сургалтын хөтөлбөрийг илүү нарийвчилж, практик дээр танилцах сургалтаас гадна Европын Холбооны гишүүн орнуудын цагаачлалын болон визийн бодлогыг онолын болоод судалгааны түвшинд судлах, баримт бичгийн хуурмаглалыг таних, судлах хөтөлбөрийг тусгах саналаа тэмдэглэв. Мөн энэхүү үр өгөөжтэй хамтын ажиллагаанд тулгуурлан Европын Холбооны бусад гишүүн орнууд, ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, түншлэл тогтоох хүсэлтээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого, шийдвэрийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаандаа инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн 2024 оноос виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан. Үүнийг дагаад сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар үйлчилгээ авсан иргэдийн тоо 14 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга Сандор Гомбосын хувьд хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох сургалтын хөтөлбөрийг нарийвчилж, гүнзгийрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болсныг онцлов гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах Ерөнхий газрын дарга ГИХГ-т зочиллоо  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй