
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах Ерөнхий хяналтын сонсголыг маргааш буюу 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн оролцоотойгоор Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Тус сонсголын бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.
“Халзан бүрэгтэйн” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч хайгуулын ажлын бэлтгэл хангах хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал нөхцөл байдалд хүрсэн тул Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг зогсоожээ.
Ийнхүү тус ордыг ашиглах асуудлаарх иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үнэлэх, санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлэх зорилгоор энэхүү Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах болсон байна.
“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол маргааш болно | ||
Үзсэн: 109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.