Шууд Chart

Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа

2025-09-20 08:38:33

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар танилцуулав.

Нийслэлийн Ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44937 га талбайтайгаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 24 хувийг хэвээр хадгалж шинэчлэх асуудлыг тусгасан байна. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх арга хэмжээ тусгагдсан. Их тойруу, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын уламжлалт төлөвлөлттэйгөөр хадгалах, түүхэн дурсгалуудад хамгаалалтын зэрэг тогтоох, нийт 177 архитектурын чуулгуудыг хамгаалалтад авахаар тусгаад байна. Тодруулбал,

  • Бага тойруугийн архитектурын чуулга 33.7 га,
  • Сүхбаатарын талбайн архитектурын чуулга 20.4 га,
  • Гандан орчмын архитектурын чуулга 68.5 га,
  • Барилгачдын талбайн архитектурын чуулга 20.4 га,
  • Тусгаар тогтнолын архитектурын чуулга 4.6 га байна.

2025 оны байдлаар улс, нийслэлийн хамгаалалтад 48 барилга байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 130 дурсгалт барилгыг хамгаалалтад авах шаардлагатай гэж тусгагдсан. Тус ерөнхий төлөвлөгөөг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаад байна. Бага тойруу хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай, 2969 өрхийн 72 орон сууц байна. Эдгээрээс хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй, анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар төлөвлөнө. Хотын хуучин өнгө төрхийг хадгалснаар хойч үедээ хотынхоо соёл, түүхэн өвийг дамжуулж, өвөрмөц төрх, онцлогийг илэрхийлж, иргэдийн түүхээр бахархах мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжих зэргээр газар эргэлтэд орж оршин суугчдын амьжиргаа дээшлэх ач холбогдолтой байдаг. Мөн орон нутгийн бизнесүүд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж харж байна. Түүнчлэн дэд бүтцийн хүртээмжтэй хот болон хөгжиж, хүн амын нягтшил тогтворжино. Ногоон байгууламж цэцэрлэг, сургуулийг нэмэгдүүлснээр оршин суугчдын амьдралын чанар дээшилнэ” гэлээ.

Ийн Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэн баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй