
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулав.
Тэрбээр “Нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудад олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянга орчим айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлсэн. Манай хоёр улсын харилцаа нь түүхэн болон стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй. Тиймдээ ч БНСУ-ын Гёнсаннам-до аймаг нь аж үйлдвэр хөгжсөн бүс нутаг тул цаашид аж үйлдвэрийн салбарт олон төсөл, хөтөлбөрт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав.
БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.