Шууд Chart

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ

2025-09-19 12:02:17

Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 өнөөдөр Frontier Fintech Summit арга хэмжээгээр эхэлж байна. Бүтэн Frontier fintech summit-2025 буюу Санхүүгийн технологийн компаниуд нэг дор цуглаж, хиймэл оюун, ногоон санхүү, дижитал мөнгө зэрэг олон талт сэдвүүдийг хэлэлцэж байна.


Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, анхны виртуал бүсийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ өдрөөс эхлэн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд татварын дарамтгүй, хууль, журмын дагуу тодорхой дэмжлэгүүдийг төрөөс авах боломж нээгдэж байна гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр, Финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлт, хөгжилд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар шаардлагатай технологийн суурь дэд бүтцийг бий болгох, их өгөгдөл, хиймэл оюуны ашиглах боломжийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд дотоодын финтекийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд бус, экспортын зах зээлд өрсөлдөх хөшүүрэг болно гэдгийг дурдсан юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс инновацын шийдлүүдийг төрийн үйлчилгээтэй уялдуулах, иргэдийн цахим аюулгүй байдлыг хамгаалах “Сэндбокс” орчны зохицуулалтыг бий болгох, өгөгдлийг хамгаалах, өгөгдлийн багц буюу (dataset)-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Манай улсад санхүүгийн технологийн экосистемд 190 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт хүн амын 98 хувьд цахим санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. Энэ бол Монгол хүн бүр дижитал банк, мобайл төлбөр тооцоо, блокчейн, хиймэл оюун, хялбар шийдэл бүхий аппликейшны үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэж буйг илэрхийлж байна.

TECHWEEK-ийн хүрээнд 2025 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд Монгол орны өнцөг булан бүрд зохион байгуулагдаж буй арга хэмжээг сонирхох боломжтой.

 

 


Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй