Шууд Chart

Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна

2025-09-19 11:12:50

Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй. Тийм учраас хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж буй. Мөн аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр баталж Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчилнэ. УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн. Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Тус төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Харин хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал,

  • Ухмал байгуулах ажил 98.7 хувь,
  • Далан байгуулах ажил 91.6 хувь,
  • Дам нуруут гүүр 76 хувь,
  • Дугуй хоолойн ажил 75.4 хувь,
  • Хучилтын ажил 44.8 хувийн гүйцэтгэлтэй байна.             

Энэхүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.


Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй