
Улаанбаатар хотод Дулааны 2 дугаар цахилгаан станц 1961 онд, Дулааны 3 дугаар цахилгаан станц 1968 онд, Дулааны 4 дүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орж байв. Мөн 2015 онд хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай Амгалангийн дулааны станц ашиглалтад орсон.
Тэгвэл 1983 оноос хойш 42 жил яригдсан Улаанбаатар хотдоо хүчин чадлаараа хоёрт орохоор цахилгаан, дулаан хосолсон ДЦС-5 төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотод эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай “Дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг 2025 оноос барих үүрэг даалгаврыг өгсөн. Уг станцыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барихаар төлөвлөсөн.
“Дулааны 5 дугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК төслийн саналаа ирүүлж эрэмбэлсэн жагсаалтад орсон. Өнөөдрийн байдлаар “Митайм Интернэшнл” ХХК-тай гэрээний хэлцэл үргэлжилж байна.
Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын стратегийн ач холбогдолтой цахилгаан, дулаан хангамжийн томоохон эх үүсвэр болох ДЦС-5 төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад ийнхүү танилцуулж байна.
ДЦС-5 төслийн онцлог:
ДЦС-5 нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
Иргэдийг найдвартай, цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөлийг дээшлүүлнэ.
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дэвшилтэт технологи ашиглана.
Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.