
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан тул энэ өдрийн хэлэлцүүлэг гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Тэрбээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьсон. Энэ төслийг хэрэгжүүлэхээр авсан 1.7 тэрбум ам.долларын зээлийн ашиглалт 30 хувьтай байгаа. Ирэх онд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж үйлдвэрээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллах нь зүйтэй. Ирээдүйд улсын хөгжлийг дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд рүү эх үүсвэрүүдээ дайчлан, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээгээд энэ агуулгаар төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг ирэх таван жилийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн орлого, зарлагыг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдалтай холбоотой тул хэлэлцүүлгийг мэргэжлийн түвшинд явуулах шаардлагатай байна. Учир нь төсвийн хүрээн дэх есөн үзүүлэлтийг жил бүр өөрчлөөд, төсвийн төслөө дагуулан хэлэлцэхээр тодорхой чиглэл, баримжаа алдагдаад байна. Энэ нь эргээд төсвийн бүтээмжгүй байдлыг үүсгэж байгааг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороодод шилжүүлэв.
Монгол Улсын ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад үүнийг прокуроруудаа чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулагдаж байгаа эсэхийг тодруулсан.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарч, улмаар оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад ирэх оны төсвийн төсөлд орлого орлох, ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүснэ гэдгийг анхааруулав.
Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж, үйл ажиллагааг нь хэрхэн хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшуулыг нэмэх, боловсон хүчний хомсдлыг хэрхэн шийдвэрлэх, төрийн албан хаагчийн 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан олгоно гэдгийг хэрхэн ойлгох талаар илүүтэй тодруулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын асуудал ноцтой, тусламж, үйлчилгээ жигд, хүртээмжтэй байж чадахгүй байна. Иймд өчигдөр Засгийн газарт нөхцөл байдлын талаар танилцуулсныг хариултдаа онцлоод эрүүл мэндийн даатгалтай холбоотой өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ.
Мөн Боловсролын сайд Н.Наранбаатар хариултдаа, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлрүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь хамгийн чухал асуудал гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн норм нь 19 цагт хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ суусан багшийг дахин ажиллуулах, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, мөн баклаврын зэрэгтэй салбарын боловсон хүчнийг богино хугацаанд багшаар бэлдэж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав. Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад, үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье хэмээв.
Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох талаар тайлбар хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5, боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам барихгүй, ноднин жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай байна гэлээ.
Харин Сангийн сайд нэмэлт тайлбарыг хийсэн. Б.Жавхлан сайд, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн хамгийн зөв онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар үүндээр тулгуурлан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна гэв.
Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цайны цаг болсон тул түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар гишүүдийн асуулт, хариултыг үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.