Шууд Chart

Л.Батбаяр: Шүхэрчин хүнээс анхаарал болгоомж, авхаалж самбаа хурд хүч, ур чадварыг шаарддаг

2025-09-18 09:31:00

Зэвсэгт хүчний 084 дүгээр хорооны бүлгийн ахлагч Шүхэрчин Л.Батбаярыг Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

 Зэвсэгт хүчний салбарт хэр удаан ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний бие 17 дахь жилдээ 084-р ТТХ-доо албаа хааж байна. Энэ дашрамд ТТХ-ны түүхт 60-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Зэвсэгт Хүчний 084-р ангиар овоглож яваа үе үеийн ахмад дайчид, ажилчин, албан хаагч нартаа 60-н жилийн ойн баярын мэндийг хүргэе. Одоогийн байдлаар ангидаа бүлгийн ахлагчийн албан тушаалтай ажиллаж байгаа.

-Нэлээд олон жил ажиллаж байгаа юм байна. Хүндрэл бэрхшээл хэр гардаг бэ?

-Ажил мэргэжлийн хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйл байдаг. Гэхдээ бид үүнийг таван туулах сэтгэлзүйн, ур чадварыг эзэмшсэн. Бэлтгэл сургалтыг өдөр тутамдаа төлөвлөгөөний дагуу тогтмол хийдэг юм.

-Таны хувьд 084 дүгээр шүхэрчин. Шүхрийн бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг бэ?

Манай ангийн цэргийн алба хаагч бүр шүхрийн бэлтгэл сургуулалтад сургалтын төлөвлөгөөний дагуу хамрагддаг. Бүрэлдэхүүн өдөр шөнө цаг уурын ямар ч нөхцөлд шүхрээр буулт хийх чадварыг бүрэн эзэмшүүлэхийн тулд шүхрийн бэлтгэл сургуулалтад аа онол, дадлага, бие бэлтгэл буюу хотхоны бэлтгэл гэсэн төрлөөр хамрагддаг. Шүхрийн зааварлагчийн курст хамрагдаж,шүхрийн зааварлагч болохоор бэлтгэгдэж байгаа.

-Шүхрийн буултыг тогтмол хийдэг үү. Эсвэл сургуулилт болон тэмцээний уралдааны үед хийдэг үү?

-Манай ангийн шүхрийн буулт дадлага бэлтгэл сургуулилт тусгагдсан төлөвлөгөөний дагуу тогтмол явагдаг. Бид нар тусгай үүргийн буулт, нам, өндрийн буулт, хэт өндрийн буулт, шөнийн буулт, усны буулт, модны буулт гэх зэрэг олон төрлийн буултыг хийдэг. Энэ бүхнийг сургуулилт дадлага үед тогтмол хийдэг юм. Улсын болон нийслэлийн аварга шалгаруулах шүхрийн тэмцээнд манай анги байгууллага амжилттай оролцож байсан.

Манай 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн бүгд шүхрээр буудаг

 -084 дүгээр ангиас хэчнээн хүн шүхрээр буудаг вэ?

-Манай 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн бүгд шүхрээр буудаг. Цэргийн цол зүүсэн хүн бүхэн шүхрээр буух үүрэгтэй.

-Шүхрээр буухад хүндрэлтэй зүйл бий юу. Өндрөөс буудалт хийдэг учраас хүний биед ямар өөрчлөлт өгөх тохиолдол бий юу?

-Шүхрээр буулт хийхэд амар хялбар биш. Тухайн хүн айдсаа давж байж, онгоцны хаалгаар үсэрнэ. 600 метрээс үсрэлт хийнэ гэдэг бол амархан зүйл биш юм. Айдсаа давсан хүн шүхэрчин болно. Шүхэрчин болохын тулд сэтгэл санаа, бие бялдар, шүхрийн дадлага сургалтад хамрагдаж, өөрийнхөө айдсыг давсны дараа тусгай шүхэрчин болдог юм. Шүхэрчин болно гэдэг хүн бүхний хийдэг зүйл биш. Маш их эр зориг, авхаалж самбаа эрч хүч шаарддаг.

-Буулт хийж байх явцад ямар нэгэн гэмтэл бэртэл гарах тохиолдол байдаг уу?

-Шүхэрт 99 хувийн баталгаа өгдөг. Нэг хувь нь шүхэрчнээс хамаарна. Та шүхрээ 100 хувь эвхээд өөртөө итгэлтэй байх юм бол ямар нэгэн асуудал гарахгүй. Шүхэр таныг 100 хувь эрсдэлгүй газарт буулгадаг.

-Шөнийн буулт, усны буулт, модны буулт хийдэг гэж байна. Эрсдэл үүсэх магадлал бий юу?

-Шүхрийн буулт бүхэн онцлогтой. Түүнд тохирсон бэлтгэл сургуулалт хийж үүсэж болох эрсдэлээс сэргийлэхийн тулд Шүхэрчин хүнээс анхаарал болгоомж, авхаалж самбаа хурд хүч мөн ур чадварыг шаарддаг. Шүхрээ шүхрийн зааварлагчийн нарийн нягт үзлэгийн дор үзлэгийн үе шат бүрийг алгасалгүй шалгуулж дарааллын дагуу зөв эвсэн үед шүхрийн буулт амжилттай болох үндэс болдог.

Модны буулт усны буулт, шөнийн буулт бүгд өөрийн гэсэн онцлогтой. Шөнийн буулт хийхэд шүхэр чинь өөр мэдрэмж авна. Усны буулт хийхэд бас өөр мэдрэмж авна. Бүх буулт дадлага сургуулилтаар хоорондоо уялдаа холбоотой, өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, Усны буулт хийчхээд сэлэлтээ хэрхэн хийж эрэг дээр очих, модонд дээр буулт хийсний дараа модноос хэрхэн буух гэдгээ нарийн тооцоолно. Иймээс хувь хүний зохион байгуулалт, сэтгэлзүй ур чадвар хамгийн чухал.

 Шүхрээр 255 удаа буулт хийж, шүхрийн хоёрдугаар зэрэгтэй албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаадаа бахархдаг

-Олон төрлийн буулт хийхдээ хаа хамаагүй буух уу. Эсвэл тусгай бэлтгэсэн талбай дээр буулт хийдэг үү?

-Сургалт бэлтгэлийн үед шүхрийн буултын үеийн талбайн зохион байгуулалтын дагуу шүхэрчид буух талбайг бэлтгэж, шүхэрчний буух цэгийг нь тодорхойлж өгдөг. Ингэснээр шүхэрчин буулт хийхдээ шүхрээ удирдаж, буух цэг талбайдаа бууна. Мөн бүлгийн болон цэгт онолтын буулт гэж байдаг. Бүлгийн буултад бөөндөө буухыг эрхэмлэдэг.

-Та хэзээнээс шүхэрчин болохоор шийдсэн бэ?

-Ахлагчийн сургуулиа төгсөж байхад 084 дүгээр ангиас хүмүүс ирж сонгон шалгаруулалт хийж байсан. Энэ үед өөрөө хүсэлт гараад 084 дүгээр ангийг сонгож байсан. Анхны тэнцэх шалгуур нь 1.70 дээш өндөртэй хүмүүсийг авч байсан. Энэ ангидаа ороод шүхрээр 255 удаа буулт хийж, шүхрийн хоёрдугаар зэрэгтэй албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаадаа бахархдаг.

Шүхэрчин байна гэдэг маш их эр зориг, тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг шаардаж, агаарт тулах цэггүй орчинд өөртөө итгэх итгэлийн бадрааж өгдөг

-Өндөрт гарахаар бие организмд өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Хүний бие махбод өөр өөр байдаг. Шүхрийн буултад хамрагдахаас өмнө байнга эмчийн үзлэгт ордог. Эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлттэй гарахаар шүхрийн буулт хийлгэдэггүй. Манай анги шүхэрчин болох хүсэлтэй хүнийг 14-21 хоногийн сургалтад хамруулдаг. Энэ сургалтаар шүхрээ хэрхэн эвхэх, сэтгэлзүй болон онол дадлагын бүх зүйлийг зааж сургадаг.

-Сардаа хэдэн удаа шүхрийн буулт хийдэг вэ?

-Сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу шүхрийн бэлтгэлээ хийдэг. Шүхрийн буултад хамрагдах сургалт нь өөр өөр байдаг. Тухайн шүхрийн буулт хэдэн цагийн нормтой, хэдэн хүн хамрагдахаас шалтгаалж шүхрийн буултын тоогоо ахиулдаг. Би нэг удаагийн сургалтад дээр 23 удаа шүхрийн буулт хийж байсан.

Шүхэрчний ур чадвараараа 2021 онд шилдэг шүхэрчин болж байсан

-Шүхрийн буулт хийхдээ ямар амжилт гаргаж байв?

-Шүхэрчний ур чадвараараа 2021 онд шилдэг шүхэрчин болж байсан. Орон нутагт Зэвсэгт Хүчин сурталчилах, болон шүхрийн буултын үзүүлэх тоглолтыг Дорноговь, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт амжилттай хийж байсан.

-Хэдэн төрлийн шүхрээр буулт хийдэг бэ?

-Манайх гурван төрлийн шүхрээр дадлага сургуулилт явуулдаг. Анхлан буугч бөөрөнхий шүхэр, спорт, далавч хэлбэрийн цэг онолтын шүхрүүд байдаг.

-Агаарт байх хугацаа минут гэж байдаг уу?

-Ямар нэгэн хугацаа минут байхгүй. Онгоцноос үсрээд газарт буух хугацаанд шүхрээ удирдаж, аюулгүй байдлаа хангаж буултаа хийх нь хамгийн чухал юм.

-Та энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан уу?

-Энхийг сахиулах ажиллагаанд таван удаа үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн анхны ажиллагаа 2010 Африкийн Сьерра Леон улсын тусгай шүүхийн баазын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, цэргийн ур чадвар мэдлэгээ дээшлүүлж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Мөн 2011-2013 Афганистан улсад тогтвортой эрх чөлөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.

Цэргийн ажиллагаа гэж ямар байдаг вэ. Энхийг сахиулах ажиллагаанаас цэргийн ажиллагаа нь ямар өөр онцлогтой байдаг вэ гэдгийг мэдэрсэн. Мөн цэргийн ур чадвар мэдлэгийг маш их олж авсан. Өмнөд судан улсад явагдаж буй НҮБ-ийн мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсыг цэргийн багийн МОНБАТТ-8, МОНБАТТ-12 ээлжинд үүрэг гүйцэтгэсэн. Хамт үүрэг гүйцэтгэсэн бүх цэргийн алба хаагч нараараа бахархдаг бүгдэд нь энэ өдрийн мэндийг танай сайтаар дамжуулан хүргэе Халуун оронд үүрэг гүйцэтгэх маш их тэсвэр хатуужил шаарддаг.

Энэ үед өмнөх ажиллагаанд оролцож байсан туршлага маш хэрэг болсон. Өмнөд судан улс НҮБ-ийн мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүмүүнлэгийн ажил нэлээд хийсэн. Орон нутгийн иргэдийг хүмүүнлэгийн ажилд сургах, энгийн иргэдтэй харилцах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэх зэрэг олон төрлийн үүргийг гүйцэтгэдэг.

Монгол цэргийн тэсвэр хатуужил, хүлээсэн үүргээ биелүүлэх чадвар нь маш өндөр байдаг

-Энхийг сахиулах ажиллагаанд олон удаа оролцсон хүний хувьд хүндрэлтэй зүйл хэр гарч байв?

-Монгол хүн дасан зохицох чадвар сайтай учраас бэрхшээлтэй зүйл бага байсан. Хамгийн анх Африкийн Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэж байхдаа дасах гэж нэлээд удсан. Өмнөд садан улс хоёр улиралтай. Зуны улирал нь +45 хэм хүрдэг харин бороо улирал нь +20 дээш температур байдаг учраас гайгүй байсан.

Халуун орны хамгийн эрсдэлтэй зүйл нь хорт шавж их байдаг учраас хамгаалж, сэргийлэх чухал. Ер нь энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хувь хүнд маш их хариуцлага ирдэг юм байна лээ. Энхийг сахиулах ажиллагааны хугацааны хувьд харилцан адилгүй байсан. Миний хувьд Өмнөд судан улсад нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан. Хамгийн сүүлд буюу 2023 онд есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаанууд нэлээд их зүйлийг сурч мэдсэн.

-Энхийг сахиулах ажиллагаанд олон орны цэргүүд оролцдог. Монгол цэргийн давуу тал онцлог ямар байдаг бэ?

-Олон ажиллагаанд явсан туршлагаас үзэхэд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхад Монгол цэргийн баазад олон улсын цэргүүд орж ирээд сэтгэл амар болдог гэж ярьдаг байсан. Монгол цэргүүд хяналтаа алддаггүй. Үндсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг. Ямар ч асуудал гардаггүй учраас гадны орны цэргүүд Монгол цэргийн хамгаалж байгаа бааз дээр ирэхээр сэтгэл нь тайван байж байгаад эргүүл цуваандаа гардаг.  Монгол цэргийн тэсвэр хатуужил, хүлээсэн үүргээ биелүүлэх чадвар нь маш өндөр байдаг.

-Олон удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон учраас олон орны цэргүүдтэй найз нөхдийн холбоотой тогтоосон байх?

-Энхийг сахиулж байгаа орон болгондоо найз нөхөдтэй болдог. Хамгийн сүүлд буюу 2023 онд Өмнөд судан улсад орчуулгын бүлэгт орчуулагчаар явж байхад НҮБ-ийн төлөөлөгч болон цэргийн албан хаагчидтай нөхөрлөсөн дөө.Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод нутаг буцахдаа хоорондоо анги байгууллагын тэмдэг, лого солилцдог.

Гадны цэргүүд Монгол Улсын төрийн далбааг авах дуртай байдаг. Би өөрөө маш олон найз нөхдөдөө Монгол Улсынхаа далбааг дурсгал өгсөн. Өөрөө гэсэн олон орон цэргийн байгууллагын лого болон улс орны далбаатай болсон.

-Та эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Би айлын дөрөв дэх хүүхэд. Гурван ах нэг эрэгтэй дүүтэй. Бид эцэг эхээс тавуулаа, бүгдээрээ эрэгтэй. Манай дунд ах, дүү хоёр Хилийн цэрэг алба хаасан. Одоо хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа.

-Та хаана төрж өссөн бэ?

-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Хүүхэд нас Сэлэнгэ аймгийн Шаавар суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн. 2000 онд Улаанбаатарт хотод шилжиж ирж суурьшсан. Хүүхэд нас бусдын адил өнгөрсөндөө. Ах дүү нартай тоглож наадаж өссөн.

17 жил ажиллахдаа таван жил энхийг сахиулах ажиллагаанд явсан

 -Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болох мөрөөдөлтэй байв?

-Арван жилийн сургуулиа төгсөөд орчуулагч, олон нийттэй харилцах ажилд сонирхолтой байсан. Иймээс англи хэлийг маш сайн сурсан. Ахынхаа зөвлөснөөр цэргийн байгууллага орж, албан үүргээ гүйцэтгээд явж байна. Зэвсэгт хүчний байгууллагад ажиллахад маш олон боломж байдаг.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Манай гэр бүлийн хүнийг Л.Алтанцэцэг гэдэг. Сувилагч мэргэжилтэй. Манайх гурван хүүхэдтэй. Ар гэрийн бүх ажлыг манай гэр бүлийн хүн зохицуулдаг. Миний хувьд өдөр болгон хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, эцэг эхийн хуралд суух цаг зав хомс байдаг. Энэ бүхнийг манай гэр бүлийн хүн маань зохицуулдаг болохоор гэр бүлийн хүндээ маш их баярладаг.

 -Аавыг үүрэг хэр гүйцэтгэж байна?

-Ерөнхийдөө 17 жил ажиллахдаа таван жил энхийг сахиулах ажиллагаанд явсан. Ажил үүргийн хувиар шүхрийн дадлага сургуулилт гээд явдаг учраас гэр бүлийнхэндээ цаг бага гардаг. Ер нь цаг зав гарвал гэр бүлдээ зориулахыг зорьдог.

 -Чөлөө цаг хэр гардаг вэ. Чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа гэр бүлдээ зарцуулна. Мөн ном уншиж, англи хэлээ сайжруулах тал дээр анхаардаг. Сүүлийн үед дартсын спортод сонирхолтой болж байгаа.

-Таны хувьд найз нөхөрлөлийн хувьд ямар бодолтой байдаг бэ?

-Ажил мэргэжлийн хувьд олон аавын хөвгүүдтэй нөхөрлөж явдаг. Хүний нөхөрлөл хамгийн чухал. Ядарсан үед туслах, задарсан үед хэлдэг байх хэрэгтэй. Энхийн сахиулах ажиллагаанд оролцож байхдаа олон найз нөхөдтэй болсон. Энэ найз нартайгаа одоо гэсэн холбоотой байдаг.

-Ойрын зорилго?

-Шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Шинэ залуу бүрэлдэхүүнээ албанд дасаж сургах тал дээр анхаарч ажиллаж байна. Манай албанд томилогдож ирсэн шинэ залуу бүрэлдэхүүн өөрсдийнхөө хүсэл зорилгоор ирсэн учраас хамтарч ажиллахад хэлбэр байдаг.

- Ярилцсан танд баярлалаа. 


Л.Батбаяр: Шүхэрчин хүнээс анхаарал болгоомж, авхаалж самбаа хурд хүч, ур чадварыг шаарддаг  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй